Банк, санхүүгийн салбарт зээлдэгч, зээлдүүлэгч талуудыг зээлийн түүхийн мэдээллээр бүрэн, тэгш хангах үйлчилгээг “Бүрэн Скор” компани Монголбанкны тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлж эхэллээ. Санхүүгийн дээрх цахим, финтек үйлчилгээг дэлгэрүүлснээр:
- иргэд, байгууллага санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй авах,
- иргэн бүр хувийн зээлийн түүхийн мэдээллээ ил тод, нээлттэй хүлээн авах, хянах,
- цаашлаад зээлийн хүүг бууруулах санхүү болон зээлийн мэдээллээ хянах зэргээр санхүүгийн үйлчилгээний олон шинэ боломжийг үүсгэн олгож байна.
“Бүрэн Скор” компани нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас нийт 500 орчим банк, санхүүгийн байгууллагад очдог иргэдийн зээлийн түүхийн мэдээллийг оновчтой, ялгаварлалгүй аргачлалаар тооцоолох юм. Ингэхдээ хувь хүний мэдээллийг “Кредит скор” буюу “Зээлийн оноо”-нд хувиргаж, иргэн бүрийг оноогоо хянах, удирдах боломжоор хангана.
Мэдээллийн аюулгүй байдлын өндөр стандартын дагуу тасралтгүй ажиллах уг үйлчилгээ нь иргэдийг, тэр дундаа санхүүгийн харилцаанд хараахан бэлтгэгдээгүй залуу үеийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгон төлөвшүүлэх гол хөтөч болох юм гэдгийг тодотгон онцолж байна.