Ирэх онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нийгмийн хамгааллын салбарт хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар тэтгэх бус ажил эрхлэлтийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэл хийх гэнэ.
Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавьдаг болох юм байна.
Мөн байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар төлөвлөжээ.
Ингэснээр Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болж хадгалах, хуримтлуулах дадал зуршилд хүүхэд наснаасаа суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны хуримтлалаар өөрийн боловсролдоо хөрөнгө оруулах боломжтой болно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдлээ.