ХӨСҮТ-ийн барилга муудаж, эмнэлэг гэж хэлэхэд хэцүүхэн болсон дүр зургууд олны анхаарлын төвд орж ирээд цөөнгүй хонож байна. Эмнэлгийн цахилгаан шат ажилладаггүй. Энэ асуудлыг Сангийн сайд шийдэж өгсөн боловч цахилгаан шат нь ажилд ороогүй.
Тус эмнэлгийн 23 объекттой. Дээврээс нь ус их гоождог ч урсгал засвар хийгдээгүй. Сэхээний тасгийн таазны шохой дээрээсээ унахад бэлэн болж, ажилчдын хувцсаа сольдог, амардаг өрөө нь эрүүл ахуйн шаардлага хангахааргүй болсон. 1986 оноос хойш ХӨСҮТ-д огт засвар хийгдээгүй гэх мэт асуудлууд Коронавирус нөмөрсөн цаг үеэр шийдвэр гаргагчдыг шүүмжлэх бас нэг шалтгаан болон өрнөж байгаа юм.
2020 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд УИХ дээр ч ХӨСҮТ-ийн засварын ажил яригдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Туваан, П.Анужин, Б.Жаргалмаа, С.Чинзориг нар санал гарган ХӨСҮТ-д их засварт зориулж дангаар нь 2 тэрбум төгрөг төсөвлөх санал гаргасныг өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцсэн байна.
С.Одонтуяа нарын 10 гишүүний гаргасан ХӨСҮТ-ийн их засварт хоёр тэрбум төгрөг тусгах зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн 60 хувийн саналаар дэмжжээ.