WikiLeaks сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн найз сүйт бүсгүй Британийн шоронд хоригдож байгаа Ассанжийн эрүүл мэндийн байдлыг сэтгүүлчдэд мэдээлжээ. Ассанжийн сүйт бүсгүй Морис: Ассанж одоо Их Британийн чанга дэглэмтэй Белмарш шоронд хоригдож байгаа бөгөөд маш их жин хасч, эрүүл бус харагдаж байна хэмээн мэдэгджээ.
Морис өнгөрсөн Бямба гаригийн өглөө Белмарш шоронд эргэж очсон бөгөөд Ассанж маш их турсан. Би түүнтэй байнга уулздаг байсан ч энэ удаад тэр футболк өмсөж гарч ирсэн нь илүү турсан байгааг нь харууллаа. Тэр маш их жин алдсан байгаад санаа зовж байна хэмээжээ.
Долдугаар сарын эхээр Лондонгийн Дээд шүүх Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхийг хориглосон Их Британийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахыг зөвшөөрсөн юм. Лондонгийн шүүх АНУ-ын давж заалдах гомдлыг аравдугаар сарын 27-28-нд хэлэлцэх гэж байна.
WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг 2017 онд Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд нуугдаж байхад нь АНУ-ын албаны хүмүүс болон Тагнуулын төв газар баривчлахаар отож байсан. Ассанжийг удаан хугацааны турш дипломат төлөөлөгчийн газраас хулгайлах эсвэл нууцаар зугтахыг оролдсон тохиолдолд баривчлахаар төлөвлөж байсан гэдгийг хэвлэлүүд мэдээлж байв.
Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд 2012 оны зургадугаар сараас хойш нуугдаж байсан түүнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өглөө АНУ-ын хүсэлтээр саатуулсан юм. Тэр цагаас хойш Ассанжийг Белмаршийн чанга дэглэмтэй шоронд хорьжээ.
Түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх шүүх хурал 2019 оны тавдугаар сарын 2-нд эхэлсэн. Үүний дараахан АНУ-ын эрх баригчид Ассанжийг тагнуулын ажиллагаа болон нууц мэдээллийг задруулах хуулийг зөрчсөн 17 зүйл ангиар шинэ хэрэг үүсгэснээ зарлав. Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгвөл 175 жилийн хорих ялаар шийтгэх юм.