Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран ал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол, дуудлагын тоог бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг зарлажээ.
Аяны хүрээнд гэр хорооллын бүсүүдээр хяналт, шалгалтыг зохион байгуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, зөвлөгөө бүхий дүрс, мэдээллийг хүргэж ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.
ГАЛ ТҮЙМРИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2016-2021 онд 12.378 объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөн, амиа алдсан байна. Мөн 100 том хүн, 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, түлэгджээ. НОБГ-ын алба хаагчид 4894 иргэний амийг авран хамгаалж, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг галын аюулаас хамгаалсан гэх тооцоо гарчээ.
Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн объектын гал түймрийн хамгийн өндөр хувь буюу 4772 тохиолдол нь ил задгай гал, үнс нурам асгаснаас, тамхи, чүдэнзний цогоос үүдэлтэй байжээ. Үүний дараа яндангийн цонолт, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага бүртгэгдэж байна.
Объектын гал түймэр ихэвчлэн шөнө, үүрийн цагаар гардаг. Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногтоо 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 45 гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээр 2021 он гарснаас хойших хамгийн их дуудлагатай долоо хоног боллоо. Тус 45 дуудлагаас таван хүний эрдэнэт амь нас эрсэдсэн. Мөн угаарын хийн хордлогод өртөх эрсдэл ч өндөр байна.
УГААРЫН ХИЙ АЛДСАН ТОХИОЛДЛЫН ТООН МЭДЭЭ
2019 оноос хойш Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулсан бүс буюу төвийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. 2019-2020 онд 2970 хүн, 2020-2021 онд 786 хүн угаарын хийн эрсдэлд өртсөн байдаг. Харин 2021 оны галлагааны улирал эхэлсэн цаг буюу энэ оны есдүгээр сарын 1-нээс хойш 120 орчим хүн угаарын хийн эрсдэлд өртжээ.
Статистик үзүүлэлтээр угаарын эрсдэлд өртөж буй иргэдийн тоо буурч байгаа ч тайвширч болохгүй. 2019, 2020 оны угаарын хийд өртсөн дуудлагын дийлэнх нь сайжруулсан түлш түлэх мэдлэг, мэдээлэл дутсантай холбоотой байсан. Харин 2021 оны угаарын хийн эрсдэлийн дийлэнх нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИЙН ДАВУУ ТАЛ
Зөвхөн өнгөрсөн долоо хоногт угаарын хий дамжуулагчийн тусламжтайгаар 58 өрхийн 200 гаруй иргэнийг угаарын хийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийллээ. Иргэд угаарын хий дамжуулагчаа зөвхөн гал түлэх үедээ ажиллуулах тохиолдол зонхилж байна. Бусад үед нь тог, цахилгаан үрээд байна гэх шалтгаанаар тэжээлээс нь салгах тохиолдол олон гарчээ. Засгийн газраас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан тул угаарын хий мэдрэгчээ салгахгүй байхыг иргэдэд сануулъя. Хяналтын баг таны гэрт угаарын хий мэдрэгдэж буй эсэхийг 24 цагийн турш дэлгэцээр хянаж байгаа тул дамжуулагчаа салгаж болохгүй.
Улаанбаатар хотод шилжиж ирээд хаягаа бүртгүүлээгүй, дүүрэг хороондоо харьяалалгүй, “Таван толгой түлш” ХХК-аас угаар мэдрэгчээ аваагүй байдлаас үүдэн угаарын хийн эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Төрийн байгууллагуудаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох аянуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа.
Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүх талын судалгааг аван, шаардлагатай арга хэмжээг авч байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн эрсдэлийг арилгахад ганц төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр хангалтгүй. Төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хариуцлага чухал юм.