Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн Пүрэв гаригт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталсан талаар Өнөөдөр сонин мэдээлжээ. Ц.Анандбазарт прокурорын тогтоол танилцуулах эрхийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрхийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид даалгасан гэж эх сурвалж өгүүлсэн байна.
Иргэн Б.Сүндэръяа 2021.04.11-ний өдөр өөрийн цахим хуудастаа нэгэн УИХ-ын гишүүн өөрт нь бэлгийн дарамт учруулсан, одоо хүртэл айлган сүрдүүлсээр байгаа тухай пост оруулж, нийтийн анхаарлыг татсан бөгөөд ихэнх хүмүүс постын эзнийг Ц.Анандбазар мөн хэмээн таамаглаж байсан юм. Ц.Анандбазар ч нэр усгүй постод хариу өгч, өөрийгөө буруугүй хэмээн зарласнаар УИХ-ын гишүүн, бизнесмэний хүчирхийллийн хэрэг дуулиан болон өргөжсөн юм.
Ц.Анандбазарын иргэн Б.Сүндэрьяаг хүчирхийлэхийг завдсан гэсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, мөн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэрч, хохирогчид гарч ирээгүй учраас хэргийг хаах санал гарч байсан ч Нийслэлийн Прокурорын газар УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах хангалттай үндэслэл бий хэмээн үзсэн талаар сонины мэдээнд дурджээ.
Дуулиан дэгдсэнээс хойш сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэгийг цацаж, гэрч хохирогч нараас ярилцлага авсан боловч тэд өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Нэг хохирогч нь амиа хорлохыг завдсан тохиолдол ЦЕГ-т бүртгэгдсэн гэж сэтгүүлчид мэдээлж байсан юм.