Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарынхны үйл ажиллагааг хязгаарлагдмал байдлаар нээн ажиллуулж байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэл хувийн дүүргэлттэй байхаар уг гэрээнд заасан юм.
Гэтэл энэхүү гэрээг зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулахын дээр зарим караоке, баарууд нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа зөрчлүүд цөөнгүй гарч байгаа аж. Тиймээс нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж буй караоке, баар болон шөнийн цагаар нууц байдлаар ажиллаж буй газруудыг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон гэж Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис мэдэгдэв.