Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ж.Батсурь болон Н.Ганибал нарыг намаас хөөж байгаагаа мэдэгдсэн. Энэ шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байр сууриа илэрхийллээ.
Ж.Батсуурь: Өнгөрсөн даваа гаригийн АН-ын бүлгийн хурлаас хойш орон нутагт ажиллаад ирлээ. Бүлгийн дарга Д.Ганбат олон удаа хариуцлагагүй үйлдэл хийж, бүлгийн шийдвэрийг нийтэд танилуулахгүй, бүлгийн нэрийн өмнөөс олон удаа худал мэдээлэл хийдэг, бүлгийн нэр барьж эрх баригч нартай наймаа хийдэг.
Бүлэг дотроо тухайн шийдвэрийг нь дага гэж гарын үсэг цуглуулдаг. Өөрийнх нь ярьснаар бол бүлэгтээ гурван сайдын суудал авах боломжтой байна гэж хэлсэн. Үүнийг ойлгоогүй учраас дэмжээгүй. Намын шийдвэрийг зөрчөөгүй байхад хөөх шийдвэр гаргаж байгаа нь манай нам хаашаа явж байгаа талаар өөрсдөд нь хариулт өгч байгаа асуудал. Улс төрийн нам бол ялах зорилготой.
Ялаад мөрийн хөтөлбөрөө 100 хувь хэрэгжүүлж байгаа, мөн намын бүлгийн шийдвэрийг зөрчиж үзээгүй хүмүүсийг хөөсөн нь арваннэгдүгээр сарын 5-нд болох гэж байгаа эв нэгдлийн Их Хурлыг амдсан айдас хүйдэс гэж харж байна.
Мөн эрх баригчдын зарим хэсэг тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар толгойлогчтой хэсэгтэй бүлгийн дарга эвсэн нэгдэж, бүлгийн гишүүдийн гарын үсгийг худалдан наймаалцах замаар нийгэмд буруу мессежийг өгч байна. Бүлгийн шийдвэрийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг зурсан. Гэтэл тэр гарын үсгийг очиж наймаалцаж байна.
Би УИХ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ыг удирдаж чадахгүй байна гэж боддог. Эрх баригч намд УИХ-ын даргын үүргийн энэ хүнээс сайн хийчих хүн бий. Тиймээс байнга шүүмжлэлттэй ханддаг. Адилхан гишүүн байж хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг, түүнийг нь ч олон удаа шүүмжилж байсан.
Өнгөрсөн хавар АН талбай дээр өлсгөлөн зарлаж байх үед Г.Занданшатар талбай дээр гарч ирэхдээ шал согтуу “хэл нь тагнайгаа, хөл нь талбай”-гаа олохгүй явж байсан. Мөн Ерөнхийлөгчийг тангараг өргөх үед мөн л Халтмаагийн Хүрэлсүх гээд шившгээ дэлгэсэн. Үүнийг нь хэлэнгүүт намайг өөртэйгөө адилтгаж согтуу байна гэсэн. тэр өдрийн чуулганаар хамгийн түрүүнд ирсэн. Огт гараагүй.
Би угаасаа архи уудаггүй. Ковид-19 тусаад эмчилгээтэй байгаа учраас архи уух ч боломжгүй. Их Хурлын танхимд согтуу орж байсан түүх ч байхгүй. Тэгж орох ч үгүй. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд өөрөөр байнга шахуу согтуу байдаг.