УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар өнөөдөр мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын бүлгээс дөрвөн жилийн хугацаатай хөөж байгаа хэмээн мэдэгдсэн. Энэ асуудлаар намын бүлгээс хөөгдсөн гишүүд болон АН-ын бүлгийн зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн 13 гишүүний 8 нь, 11 гишүүнээр тоолох юм бол 7 нь буюу 63 хувийн ирцтэйгээр өнөөдрийн хурал боллоо. Бид өнгөрсөн долоо хоногт болон ойрын үед болж байгаа, мөн өнөөдрийн УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэртэй холбоотойгоор та бүхэнд мэдээлэл хийе.
Нөхөн сонгууль болоод өнгөрсөн. АН болон АН-ын бүлэг дотор тодорхой хэмжээний асуудлууд байна. Гуравдугаарт 10, 11 дүгээр сар бол Монгол Улсын төсвийг хэлэлцэж байгаа учраас үүн дээр тодорхой байр сууриа илэрхийлнэ.
Нөхөн сонгуулийн талаар хэлэхэд ард иргэд өнөөдрийн эрх баригч МАН-д сонгуулийнхаа ирцээр “үгүй” гэдгээ хэлж байна. Ер нь энэ Ардчилал гэдгийг ганц үгээр хэлэхэд “оролцоо” гэдэг үгээр илэрхийлэгдэх байх. Ард иргэд тэр оролцоогоороо “үгүй” гэж хэлсэн сонгуулийн дүн гарлаа гэж үзэж байна.
Ж.Батсуурь гишүүнийг АН-аас хөөсөн гэж иргэн С.Эрдэнэ, хууль О.Баасанхүү нар мэдээлэл хийж байна. Ж.Батсуурь гишүүн 1990 оноос хойш найман сонгуулийн долоод нь ялалт байгуулсан. Ардчиллын төлөө, намынхаа төлөө манлай болж байгаа хүнийг хөөчихөөд цаана нь хэнийг үлдээх гээд байгаа юм.
Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр АН-ын Эв нэгдлийн их хурлыг хийлгэхгүй байх, хагалан бутаргах зохион байгуулалттай үйлдэл энэ бүхний цаана явж байна. Энэ үйл явцад Д.Ганбат гишүүн гар хөл нь болж байгаад бид бүхэн маш их харамсаж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах гарын үсгийг зураг ажлыг Д.Ганбат гишүүн манлайлж байсан. Үүнийг таслан зогсоох үйлдлийг бүлгийн гишүүд гаргаж байна. Огцруулах гарын үсэг цуглуулах үйл явдал болсон нь үнэн. Миний бие хамгийн түрүүнд гарын үсэг зурсан. Манай гишүүд бүгд зурсан.
Тэр бичгийг авч, сугандаа хавчуулан МАН-тай хэлцэл хийж, АН, МАН-ын “хатавчинд суун”, “гурван сайд авах ажлыг би хийж байна” гэж Д.Ганбат дарга удаа дараа бүлгийн хурал дээр мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн сөрөг хүчний байр суурийг худалдаж, наймаалцаж байгаа Д.Ганбат гишүүн “та энэ үйлдлээ таслан зогсоо” гэж бид удаа дараа хэлж байсан” гэв.