Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.
Гэр хорооллын иргэдийг ая тухтай өвөлжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой үүрэгтэй сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний эхэнд сонслоо. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний нийт 500 борлуулалтын цэг ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэгт 170, Баянзүрх дүүрэгт 127, Чингэлтэй дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 38, Хан-Уул дүүрэгт 39, Баянгол дүүрэгт 24 борлуулалтын цэг ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний нөөцөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулжээ. Цаашид борлуулалтын цэгт түгээж буй түлшний нөөцийг нэмэгдүүлэх, борлуулалтын цэгийн тоог 600-д хүргэх, ялангуяа алслагдсан байршилтай борлуулалтын цэгт түлш хүргэлтийг хүртээмжтэй зохион байгуулах нь зүйтэй байгааг онцоллоо.
Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарынхны үйл ажиллагааг хязгаарлагдмал байдлаар нээн ажиллуулж байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэл хувийн дүүргэлттэй байхаар уг гэрээнд заасан. Гэтэл энэхүү гэрээг зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулахын дээр зарим караоке, баарууд нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа зөрчил илэрчээ. Нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж буй караоке, баарууд болон шөнийн цагаар нууц байдлаар ажиллаж буй бүхий л газруудыг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Хариуцлага тооцох механизмийг чангатган ажиллахаас аргагүй нөхцөл байдал үүсэж байгааг Хотын дарга тодотголоо.