Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцуулах үеэр тус газрын Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ сонгуультай холбоотой ирсэн өргөдөл гомдлын талаар товч мэдээлэл өглөө.
Аравдугаар сарын 10-нд болсон УИХ-ын нөхөн сонгууль, аравдугаар сарын 16-нд болсон нэмэлт санал хураалтын үеэр цагдаагийн байгууллагад нийт 62 өргөдөл гомдол ирсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагын сонгуультай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах ажлын хэсгээс мэдээлэл авч ажилласан байна.
СЕХ–ны хувьд ямар нэгэн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх хянах эрх хуулиар олгогдоогүй. Тухайн асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтооно. Өчигдрийн байдлаар 62 өргөдөл гомдлоос нэг нь шийдвэрлэгдэж байгаа. Бусад нь шийдвэрлэж дууссан. Өргөдөл гомдлын ихэнх нь зурагт самбар үрэгдүүлсэн, алга болгосонтой холбоотой байсан.
Мөнгө тарааж байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээж авсан. Энэ талаарх мэдээллийг шалгаад зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гэж мэдэгдлээ.