Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг өглөө. Сүүлийн өдрүүдэд шахмал түлш тасарсан гэсэн мэдээлэл гарч, борлуулалтын цэгүүдэд дараалал үүсч байгаа учраас салбарын сайд сэтгүүлчдийн асуултад хариулж, нөөцийн мэдээллийг өгөв.
Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 71.4 тоннын нөөцтэй байгаа юм байна. Энэ нь оргил ачааллын үед 15 хоног, бага ачааллын үед нэг сарын хэрэглээний нөөц аж. Өнгөрсөн онд 58 мянган тонн түлшний нөөцтэйгөөр өвлийн их ачааллыг давж байжээ.
Түлш үйлдвэрлэхэд ордог барьцалдуулагчийн хувьд 1 сарын нөөц байгаа бөгөөд цаашид нөөцөө тогтвортой бүрдүүлээд явах тул сайжруулсан шахмал түлшний хомсдолд орохгүй гэж салбарын сайд мэдэгдэж байна.
Шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд дараалал үүссэн нь цаг агаар огцом хүйтэрсэнтэй холбоотой. Мөн борлуулалтын цэг 280 байсныг 420 болгож, дарааллыг багасгасан. Ирэх сарын 1 гэхэд борлуулалтын цэгийн тоог 600-д хүргэнэ. Ирэх амралтын өдрүүдээр сайд Н.Тавинбэх Нийслэлийн гэр хороололд ажиллаж, шахмал түлшний нөөцийг газар дээр нь үзнэ гэлээ.