Оны эхний есөн сарын байдлаар Гаалийн байгууллагын хэмжээнд 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ. Үүний 30 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж,7 зөрчлийг шалгуулахаар харьяаллын байгууллагад шилжүүлсэн байна.
Ердийн үед гаалийн байгууллагад 2500-4000 орчим зөрчил илрүүлж, улсын төсөвт 10 орчим тэрбум төгрөгийн торгуулийн орлого оруулдаг байжээ. Цар тахлын улмаас улсын хилээр орж, гарах эд бараа цөөрсөн нь зөрчлийн хэрэг өмнөх жилүүдээс буурахад нөлөөлсөн байна.
Тус байгууллага илэрсэн 776 зөрчилд 2.1 тэрбум төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 1.2 тэрбум төгрөгийн торгууль шийтгэл оногдуулжээ. Мөн зөрчлийн улмаас 37.9 сая төгрөгийн барааг улсын орлого болгохоор түр саатуулж, 56.8 сая төгрөгийн үнэ бүхий барааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд түр хураасан байгаа аж.
Гаалийн байгууллагын системийн хэмжээнд оны эхний зургаан сарын байдлаар нийт 2407 зорчигчийн 7.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн мөнгөний гаалийн мэдүүлэг бүртгэгдсэн. Үүнээс улсын хилээс гарах чиглэлд 1,312 мэдүүлэг нийт 6.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, орох чиглэлд 1,095 мэдүүлэг нийт 842.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын мэдүүлэг бүртгэгдсэн. Үүнээс улсын хилээр гарах чиглэлд 133.7 мянган юань буюу 58.9 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг илрүүлж, улсын орлого болгон хураан авч, 8.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Үүнтэй холбогдуулан сэрэмжлүүлэхэд улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч 15 сая төгрөг түүнтэй тэнцэх хэмжээний болон түүнээс дээш хэмжээний валют биедээ авч явж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал бичих үүрэгтэй. Зорчигч, жолооч нар энэ заалтыг мэдэхгүйгээр бэлэн мөнгөө хураалгах, торгуулах зөрчил байнга гарч байгааг тус газраас сэрэмжлүүлж байна.
Мөн гааль, тагнуулын байгууллагын хамтарсан шалгалтын дүнд алт, үнэт эдлэлийн гаалийн бүрдүүлэлт, зөрчил илрүүлэлт эрс нэмэгдэж байна. Энэ оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд Турк улсаас 50.5 кг аль, монет, мөнгөн эдлэл, Энэтхэг улсаас 4.1 кг мөнгөн эдлэл, Солонгос улсаас 5.9 кг аль, монетан эддэлийг Монгол Улсын 18 иргэн импортолж 21 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр нийт 171.3 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Тухайлбал, БНСУ-аас ирсэн зорчигч Монгол Улсын хилээр нэвтрэхдээ биедээ авч явсан их хэмжээний алт, үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд холбогдох 5.9 кг алт, монетан эдлэлд 30.9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 15.4 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэж ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар мэдэгдлээ.