АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдлээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хэлэлцээ хийх АНУ-ын саналыг дайсагнасан бодлогын халхавч хэмээн мэдэгдсэний дараа Ж.Псаки ийнхүү мэдэгджээ.
Лхагва гарагт болсон парламентын чуулганы үеэр Ким Жөн Уны хэлсэн үгийн талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаас тодруулахад, “Бид өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоход бэлэн хэвээр байна” гэжээ.
Ким Жөн Уны мэдэгдcэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены шинэ засаг захиргаа үүрэгт ажилдаа орсноос хойших найман сарын хугацаанд БНАСАУ-ыг чиглэсэн АНУ-ын дайсагнасан бодлого огт өөрчлөгдөөгүй байна.
Харин Ж.Псаки Пёньян Вашингтоны саналд хараахан хариу өгөөгүй байгааг цохон тэмдэглэжээ. Тэрбээр, “Бид БНАСАУ-д хэлэлцээ хийх тодорхой саналуудыг тавьсан ч одоог хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна” гэв. Мөн АНУ хоёр Солонгосын хоорондын яриа хэлэлцээг дэмжинэ гэдгийг илэрхийлжээ.
Саяхан Ким Жөн Ун БНАСАУ 10 дугаар сарын эхэн үеэс БНСУ-тай холбоо барих харилцаа холбооны шугамуудаа сэргээнэ гэдгийг мэдэгдсэн юм. Энэхүү шугамыг 13 сар хаасны эцэст энэ оны долоодугаар сард сэргээсэн боловч хоёр долоо хоногийн дараа дахин хаажээ.
Эх сурвалж: AP