Тунис улсын Ерөнхийлөгч Каис Саид өмнөх Засгийн газраа тарааснаас хойш 2 сарын дараа Нажла Ромданд шинэ Засгийн газар бүрдүүлэх үүрэг өглөө. Тэрбээр Тунисын төдийгүй Арабын орнуудын анхны эмэгтэй Ерөнхий сайд болох гэж байна.
Нажла Ромдан нь геологийн инженер мэргэжилтэй. Өмнө нь Тунисын Боловсролын яаман дахь Дэлхийн банкны төслийн гүйцэтгэлийг хариуцаж байсан юм. Ажиглагчид энэ эмэгтэйг Засгийн газарт ажиллах туршлага багатай хэмээн тэмдэглэж байна.
Тунисын иргэд 07 дугаар сарын сүүлчээр эрх баригч намын бодлогыг шүүмжилж, КОВИД-19 цар тахалтай үр дүнтэй тэмцээгүйн хариуцлагыг хүлээх ёстой гээд эсэргүүцэл зарласан юм. Энэ эсэргүүцлийн улмаас Тунисын төрийн тэргүүн Каис Саид 07 дугаар сарын 25-нд парламентын үйл ажиллагаагаа зогсоож, гишүүдийн халдашгүй эрхийг цуцалж, Ерөнхий сайд Хишам Машиши, мөн Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн сайд нарыг огцруулжээ. Харин Парламентын дарга, эрх баригч “Ан-Нахда” намын тэргүүн Рашид Ганнуши үүнийг төрийн эргэлт хэмээн үзэж, дэмжигчдэдээ хариу эсэргүүцэлд уриалж байлаа.