УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” хэмээн заасан.
Үүнтэй холбоотойгоор иргэдийн торгууль төлөлтийн явц ямар шатанд байгаа талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Н.Шинэбаатараас тодрууллаа.
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хэчнээн жолоочийн зөрчлийг өршөөсөн бэ. Торгууль төлөлт ер нь хэдэн хувьтай явж байна вэ?
-Хуулийн хэрэгжилт үргэлжилж байгаа учраас тоон статистик мэдээлэл одоогоор эцэслэн гараагүй байна.
Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрөөс хойш 40,300 гаруй жолоочийн эрхийг сэргээсэн.
Харин торгууль төлөлт өнөөдөр буюу есдүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагийн байдлаар орон даяар 26.7 хувь байна. Үүнийг Нийслэл, орон нутгаар нь ангилж үзвэл нийслэлд 33.1 хувь, Орон нутагт 22.7 хувьтай байна.
-Иргэд торгуулийн мэдээллээ хэрхэн хялбар аргаар шалгаж, төлөх боломжтой вэ?
Иргэд торгуультай эсэх мэдээллээ Torguuli.police.gov.mn, Smartcar.mn сайтаас тээврийн хэрэгслийн дугаар болон жолоочийн үнэмлэхний дугаараар авах боломжтой.
Харин торгуулиа
- Арилжааны бүх банкаар
- E-Mongolia аппликэйшн
- Гэрэгэ систем
- QR, QPay болон Smartcar.mn сайт зэргийг ашиглан цахимаар торгуулиа төлөх боломжтой.
-Иргэд торгуулиа цахимаар төлөхөд дээрх аппликэйшн болон сайтууд гацах, уншаад орохгүй удаж байна гэх мэт санал гомдол их байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Сүүлийн хоёр хоногийн хугацаанд иргэдийн торгуулиа төлөх байдал нэмэгдэж, банк, санхүүгийн байгууллага, “Үндэсний дата төв” УТҮГ, “Гэрэгэ системс”, “Смарт кар”, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд ачаалал үүсэх, зарим банкны системд саатал гарах, серверүүд нь ачааллаа дийлэхгүй байх зэрэг хүндрэл гарсан.
Дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд дараах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үүнд,
- Нийслэлийн мэдээллийн технологийн газрын “Смарт кар” /Smartcar.mn/ цахим систем, торгууль төлөлт идэвхжиж байгаатай холбоотой системийн хандалт, ачаалал эрс нэмэгдэж “Үндэсний дата төв” УТҮГ дээр байрлах серверийн үзүүлэлт, тоог нэмэгдүүлж, зарим алдаатай программыг засах ажлыг зохион байгуулсан.
- “Гэрэгэ системс” ХХК–ний нэвтрүүлсэн иргэд биеэр үйлчилгээ авах боломжтой “Гэрэгэ киоск машин”-ны ачаалал нэмэгдсэнтэй холбоотой уг аж ахуйн нэгжийн зүгээс нэмэлтээр сервер, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, шуурхай үйлчилгээний баг ажиллуулж эхэлсэн.
- Иргэд банкны салбар дээр биечлэн ирж үйлчилгээ авахаас гадна Төрийн банкны “Гялс банк апп”, Голомт банкны интернэт үйлчилгээ, SocialPay, “Голомт апп”, Худалдаа хөгжлийн банкны бүх салбар, цахим үйлчилгээ нь хэвийн явагдаж байна.
- “E-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой болсон. Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа төлөх боломжтой болсон.
Мөн цаашид “E-баримт”-аар дамжуулан торгуулийн төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн сангийн torguuli.police.gov.mn цахим системд торгууль төлөлттэй холбоотойгоор энэ сарын 26-ны өдөр 26,758, 27-ны өдөр 10,8722, 28-ны өдөр 134,980 удаагийн хандалт хийгдэж, ачаалал үүссэнээс гарсан саатлыг шуурхай засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: ЦЕГ