Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргажээ. Мөн Дулааны техник технологийн хүрээлэнг сэргээж, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Ой мод, сургалт судалгааны хүрээлэнг шинээр байгуулах болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Л.Энх-Амгалан: “Шинжлэх ухааны салбар ойлгомжгүй тогтолцоотой явж ирсэн. Зарим шинжлэх ухааны хүрээлэн нь БШУЯ-нд, зарим нь их дээд сургуулиудын харъяанд байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн сан 4000 орчим судалгааг 150 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Гэвч энэ өндөр өртгөөр хийсэн эдгээр судалгааны үр дүн нь хангалттай биш байгаа.
Тиймээс энэ сангийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгоно. Ер нь бол бүх судалгаанд 20 сая төгрөгийн санхүүжилт олгодог. Энэ хэмжээний мөнгөөр хийж байгаа судалгаа үр дүнд хүрэхгүй. Монгол Улсад 300 гаруй лаборатори бий. Харамсалтай нь 70-80 хувь тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүйгээс үүдэн орчин цагийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг хийж чадахааргүй байна. 5 сая ам.доллараар байгуулсан лаборатори ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа тохиолдол ч байна. Тиймээс цаашид салбар дундын лабораториудыг хөгжүүлж, боловсон хүчин, урсгал зардлыг шийдвэрлэх шаардлага бий” гэлээ.
Төрөөс судалгаа, шинжилгээнд жилд 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Гэхдээ тендер зарлаж санхүүжилт өгдөг тул хүрээлэнгүүдэд санхүүлжилтийг шууд авч чаддаггүй аж. Тиймээс төрөөс судалгаа, шинжилгээний ажлыг нэн тэргүүнд хүрээлэнгүүдээрээ хийлгэдэг болох тогтолцоонд шилжих бөгөөд залуу эрдэмтэн нарыг тэтгэлгээр дэмжих, Боловсролын зээлийн сангаас магистр, доктрантын тэтгэлэг олгодог болох өөрчлөлт хийж байгааг БШУ-ны сайд онцолж байна.