Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцэх юм байна. Есдүгээр сарын 6-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдэгдэл хийж:
Төрийн үйл ажиллагааг гацааж, нийгэмд шударга ёс тогтооход шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг, хараат бус байх тогтолцоог бий болгох, шударга бусын хонгилыг нураахын тулд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчид олгосон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох эрхээс татгалзаж байгааг мэдээлсэн юм.
Энэ эрхийг УИХ-д өгч, Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлэх саналтай байгаа хэмээсэн.
Гэвч хуульчид үүнийг боломжгүй зүйл гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй. Тиймээс шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх хэмээн мэдэгдсэн.
АТГ-ын даргыг томилох эрх Ерөнхий сайдад очсон асуудалд мөн хуульчид шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд төсвийн мөнгөний хуваарилалтыг хийдэг гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд нь авлигын гэмт хэргийг мөрдөн шалгадаг албаны даргыг томилдог байх нь эрүүл, тэнцвэртэй, найдвартай тогтолцоо биш гэж үзэж байгаа юм.