Том Крузын “Биелэгдэшгүй даалгавар” киноны зураг авалтын үеэр үхэр сүрэг ухаангүй болсон хэрэг гарчээ. Энэ хэрэг Английн “Нуурын хязгаар” нэртэй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, киноны долоо дахь хэсгийн зураг авалтынхан ажиллаж байх үед гарсныг The Sun бичжээ.
Киноны зургийн дагуу Итан Хантын гол дүрд тоглож байгаа Круз шүхэртэй газардах ёстой байжээ. Жүжигчин эр дөрвөн ч удаа үсэрсэн аж. Энэ үеэр зургийн багийнхан өндөр давтамжийн дуу гаргадаг төхөөрөмж ажиллуулах ёстой байв. Энэ нь жүжигчнийг үсрэлтийн үеэр дроны нислэгээс хамгаалах ёстой байжээ.
Гэвч хэт авиан дуу хэт чанга байсан тул орчин тойронд нь байсан амьтдад нөлөөлжээ. Тиймээс холгүйхэн бэлчиж байсан хэдэн арван үхэр ухаан алдан унасан байна. Техникийг унтраасны дараа амьтад сэхээ орсон аж. Хэдийгээр ийм ноцтой зүйл болсон ч нутгийн иргэд зураг авалтын багийнханд гомдоллоогүй гэнэ. Харин Том Круз Английн баруун хойд хэсгийн уулархаг нутагт дурлаж, хэд хэдэн удаа аялжээ.