Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны хоёрдугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ стратегийн түншлэлд хүрч, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран, хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна.
Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлах санаачилга дэвшүүлсэнтэй холбогдуулан 2022 оныг “Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” болгож, жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхийг төлөвлөж байгаа.
Энэ хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, хоёр талаас улс төр, бизнес, төр захиргааны байгууллага, соёл урлагийн төлөөлөл болох 50 шилдэг залуусыг харилцан илгээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, баримтат кино бүтээх, хоёр орны харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг холбоход чиглэсэн бизнес форум зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.