Сүүлийн жилүүдэд минимал амьдралын хэв маяг, үүнийгээ дагаад эмх цэгцтэй амьдралын хэв маяг, зарчим хүмүүсийн дунд түлхүү дэлгэрч хүн бүр ямарваа нэгэн байдлаар туршиж, амьдралдаа хэвшүүлж, бусдыгаа уриалах болсон. Харин таны амьдралдаа хийх энэхүү өөрчлөлт хэр үр дүнд хүрсэн бэ?
Эмх цэгц гэдэг нь зөвхөн гэр доторх зүйлсийг цэвэрлэж янзлах мэтээр өнгөц ойлгох нь өрөөсгөл юм. Хэдийгээр энэ нь амьдралын энгийн, мэдээжийн зүйл мэт санагдах боловч яг л сайн зуршлыг амьдралдаа бий болгохтой адил зүйл юм.
Зуршлыг өөртөө бүрэн дадал болгоход сарын хугацаа хангалттай гэдэг шиг эмх цэгцтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд хэд хэдэн үйлдлийг өөртөө болон гэр бүлийнхээ гишүүдэд хэвшил болгох нь чухал юм. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ энэ цаг үеийн илэрхийлэл болсон эмх цэгцтэй амьдралыг хэрхэн хэвшүүлэх тухай бяцхан зөвлөмжийг хүргэж байна.
Материаллаг сэтгэлгээг халах
Бид нэг л мэдэхэд хэрэглээнээсээ хэтэрсэн эд хогшил, хувцас, эд юмстай болсон байдаг бөгөөд өөрсдөө ч анзааралгүй тэднийхээ нөлөөнд автан түүндээ стрессдэж, бухимдаж эхэлдэг. Цаашлаад өөрийгөө бусдын эд хөрөнгө, эд юмстай харьцуулан дүгнэн одоогийн өөрийгөө үгүйсгэх нь олонтаа. Тиймээс таны хамгийн эхэнд хийх зүйл бол дараа хэрэглэнэ гэж аливаа зүйлийг хадгалах биш одоо өдөр тутмын амьдралд тань хэрэглэгддэг эд зүйл, хувцас, эд хогшилд хөрөнгө оруулж, өөртэйгөө хамт үлдээх явдал юм.
Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх
Эмх цэгцтэй амьдрах гэдгийг эргэн тойрныхоо эд хогшлыг гаргаж хаяад хоосон шахуу өрөөнд суухын нэр бас биш юм. Эд зүйлсээс гадна өөртэйгөө ажиллах нь дараагийн нэг шат. Өглөө эрт босох, дасгал сургуулилт хийх, эрүүл хооллох, эрүүл мэнддээ анхаарах, оюундаа хөрөнгө оруулах гэх мэт цэгцтэй амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх нь сэтгэл санаа цаашлаад аливааг харах өнцөгт эерэг өөрчлөлтийг авчрах болно.