Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.7 хувьтай байна.
Гурван чиглэлийн автобусыг уртасгасан цагаар зорчуулж байна
2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл болон есдүгээр сарын 15-наас эхлэн халаалт өгөх бэлтгэл ажлыг хангасан эсэх, хугацаандаа халаалтаа авч чадахгүй айл өрх, сургууль, цэцэрлэг байгаа юу гэдгийг Хотын дарга асуусан юм. Үүнд Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан.
Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан” гэв. 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15 гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Нийт ажлын 74 хувийг хийжээ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, арга хэмжээний ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулах ажлын явц ямар байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулав.
Энэ хүрээнд нийтийн тээврийг уртасгасан цагаар буюу 05:30-00:00 цагийн хооронд зорчуулахаар Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийг есдүгээр сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлжээ. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлсэн байна.
Автобусны 329 буудалд хөөстэй угаалга хийв
Өнгөрсөн нэг сарын хугацаанд давхардсан тоогоор нийт 14.614 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөн ажиллаж байгаад шалгалт хийжээ. Улмаар 1082 зөрчил илрүүлж, 60 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг есдүгээр сарын 15-наас хийх талаар санал, хүсэлтийг ЭМЯ-нд хүргүүлжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 112 автобус, троллейбусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн техникийн байдал, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав. Түүнчлэн дөрвөн удаагийн давтамжтайгаар зургаан автомашин 36 удаагийн рейсээр урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийлээ. Мөн автобусны 329 буудалд хөөстэй угаалга хийв.