Л.Энх-Амгалан Монгол Улс, үндэстнээс хууль бусаар “Үндэсний” хэмээх хүндтэй нэрийг авч ашигласан сургуулиас уучлалт гуйхгүй

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээ буцааж авна хэмээн наймдугаар сарын 26-нд мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр МҮИС хэвлэлийн хурал хийж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг шүүхэд өгөх гэж байгаагаа мэдэгдлээ.
Манай сургууль МУИС-тай андуурагддаггүй, оюутнуудыг хяналтын тоондоо багтааж элсүүлдэг, чанаргүй сургалтын асуудал аль ч сургуульд байдаг гэх мэт асуудлыг хөндөж байна.
МҮИС-ийн байр суурьт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан хариулт өгчээ. Тэр МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.
Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Монгол Улс, үндэстнээс хууль бусаар “Үндэсний” хэмээх хүндтэй нэрийг ашигласан сургуулиас уучлалт гуйхгүй. Ямар ч тохиолдолд энэ сургууль үндэстэн байтугай дүүрэг ч төлөөлөх хэмжээний сургууль биш гэдгийг бид мэднэ гэжээ.
