ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төв, ХАА-н бирж, ХААДС хамтран малын дуудлага худалдааг энэ сарын 10-нд Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар Франц Улсаас импортолсон лимузин, ангус үүлдрийн 176 үхэр, нарийн ноостой мирнос үүлдрийн 350 хонийг борлуулах юм.
Лимузин үхэр нь орчин цагийн эрчимжүүлсэн мал аж ахуйн махны чиглэлийн үүлдрүүд дундаа шаардлага бага, хамгийн үр өгөөжтэй үүлдэр аж. Лимузин үүлдрийн үхрийг 1830-аад оноос Франц Улсын хүнд жингийн ажлын хэвшлийн үхэр болох цайвар актив үхрийн онцлог шинжээр сонгож эрлийзжүүлэн, олон жилийн хөдөлмөрийн дүнд гаргаж авчээ. Одоогоор энэ үүлдрийн үхрийн мах нь дэлхийн махны зах зээлд тэргүүлэх байр эзэлж байна. Лимузин үүлдрийн үхрийн бие цогцос жигд тарган, нуруу хондлой тэгш, булчингийн хөгжил сайн, ууц уртавтар, гуяны мах зузаанаараа бусад махны үүлдрийн үхрээс онцлог. Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицдог, өвчинд тэсвэртэй, тэжээлт орчинд сайн жин нэмдэг аж.
Лимузин үүлдрийн үхрийн давуу тал
– Үржил сайн. Үржилд орсон 100 үнээнээс 90-92 тугалладаг
– Зөнтэй, сайн эх болдог учир тугалын эндэгдэл бага.
– Тугалаа хангалттай цатгадаг тул тугалын өсөлт түргэн, хөхнөөсөө хурдан гардаг.
– Тугалын жингийн өсөлт хурдан.
– Бухын амьдын жин 1000 – 1200 килограмм.
– Нас бие гүйцсэн үнээний амьдын жин 600 – 700 килограмм.
– Гунжин үнээний хээлтүүлэгт оруулах нас 16-18 сар.
– Шахаж бордоход 18-22 сартай өсвөр үхрийн жин 550-650 килограмм.
– Өвчинд тэсвэртэй, сайн менежменттэй орчинд хорогдол бага.
– Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицдог.
– Бусад үүлдрийн үхэртэй эрлийзжүүлэхэд үржил сайн.
– Хамгийн сайн чанарын маханд тооцогддог.
– Махны бүтцийн хувьд төгс шинж чанартай /нуруу гуяны хэсгийн махны гарц сайтай/
– Чанар сайтай гулууз өгдөг, гулуузны гарц 60-62 хувь /сайн тэжээлт орчноос шалтгаалаад/
– Цэвэр махны гарц их /яс жижиг, шөрмөс бага, хаягдал бага/
– Махны чанар сайн /улаан-алагласан, зөөлөн-шүүслэг, амт-сайтай/
– Махны зах зээлд хамгийн үнэтэй, таашаагдсан амттай.
Ангус үүлдрийн үхэр
Ангус үүлдрийн үхэр нь 18-р зууны үед бий болсон бөгөөд Английн галловей, хайланд үхрээс угшилтай. Бэлчээрийн болон суурин маллагааны технологид зохицох чадвартай, харьцангуй түргэн өсөлттэй, цул махны гарц их, лагс бөөрөнхий, чийрэг-булбарай бие цогцостой, толгой богино, ам өргөн, хүзүү бүдүүн, шалангийн хөгжил сайн, сэрвээ намхан, ууц нуруу тэгш, дөрвөлжин, гуя-хонгоны булчингийн хөгжил сайн, хөл богино, дөлгөөн араншинтай мухар хар, улаан зүстэй.
Ангус үүлдрийн үхрийн давуу тал
– Халуун хүйтэнд тэсвэртэй.
– Бусад махны үүлдэртэй харьцуулахад тугалын төрөх үеийн жин бага, эхлээр бойжих үеийн жин өсөлт түргэн.
– Бухын амьдын жин дунджаар 908 килограмм.
– Нас бие гүйцсэн үнээний амьдын жин дунджаар 608 килограмм
– Тугалын жингийн өсөлт хурдан /хоногт 850-1000 грамм/
– Төрөлхийн мухар хэвшил нь зан араншинг дөлгөөн болгодог тул махлаг чанарт сайнаар нөлөөлдөг.
– Гунжин үнээний хээлтүүлэгт орох нас 16-18 сар.
– Шахаж бордсон 18-22 сартай өсвөр үхрийн жин 500- 550 килограмм.
– Нядалгааны гарц 58-60 хувь.
– Бусад үүлдэртэй эрлийзжүүлэхэд мухар хэвшлээ үр төлдөө сайн дамжуулдаг.
Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болох дуудлага худалдааны үеэр үхэр, хонины арчилгаа, маллагаа, технологийн чиглэлийн сургалт зохион байгуулж, мэдээлэл өгнө. Иймд махны чиглэлийн үхэр үржүүлэх гэж буй иргэн аж ахуйн нэгжүүд оролцож, мэдээлэл авч, цаашид зохиомол хээлтүүлэг, хөврөл үр шилжүүлэх зэрэг үйлчилгээ хийлгэх боломжтой аж.
Нарийн ноостой мирнос үүлдрийн хонь
Лимузин үүлдрийн үхэр