Та өөрийгөө зөв илэрхийлж чаддаг уу? Заримдаа бусдад буруугаар ойлгогдож, тайлбар хийж чаддаггүйн улмаас тэр чигээр нь орхичихдог уу? Өөрийн мэдэлгүй бусдад таагүй сэтгэгдэл үлдээж, сэтгэлдээ хайрладаг хүнээ ч өөрөөсөө түлхчихдэг юм биш биз? Тэгвэл дараах шинж тэмдгүүдийг анхааралтай уншаарай.
#1 Бусдыг сонсдоггүй
Харилцан ярианы явцад зөвхөн та ярьж, нөгөө хүн тань үргэлж сонсдог бол уг харилцаа төдий удаан үргэлжлэхгүй л болов уу. Зөвхөн өөрийгөө сонирхдог хүн бусдад хүндлэгдэж, хайрлагдаж чадахгүй. Бусдыг чин сэтгэлээсээ сонирхож, өдрөө хэрхэн өнгөрүүлсэн тухай нь асуудаг нэгэн байгаарай.
#2 Хэтэрхий их шүүмжилдэг
Үг хэлэх бүртээ л танаас шүүмжлэл, зөвлөгөө хүлээн авдаг хүн тантай удаан “зууралдахыг” хүсэхгүй. Хэдий тус дэм хүргэхийг хүссэн байлаа ч, утга учиргүй шүүмжлэл хямдхан хараалын үгээс ялгаагүйг санаарай. Бусдын сайн сайхныг олж харах нь танд ч сайхан байх болно.
#3 Хэтэрхий “сөрөг”
Болохгүй, бүтэхгүй, хэзээ ч үгүй… Эдгээр үгийг хэлэх дуртай бол хүмүүс танаас зугтаах нь аргагүй. Хүн төрөлхийн сайн сайхан, өөдрөг гэгээлэг зүйлд татагддаг шигээ муу муухай, сөрөг зүйлсээс ч төвөгшөөдгийг бүү мартаарай.
#4 Бусдын анхаарлыг татаж чаддаггүй
Сөрөг таагүй зан чанараас гадна өөр нэг үл тоомсорлуулах шалтгаан бол хэтэрхий сул дорой байх юм. Үгээ товч тодорхой, зоригтой хэлдэг, үзэл бодолтой, хүчирхэг хүнд хүмүүс өөрийн эрхгүй татагддаг бол сул дорой хүмүүс хэдий сайхан сэтгэлтэй байлаа ч үл тоох хандлагатай байдаг. Зөөлөн эелдэг байж болох ч хэлэх үгээ хэлчихдэг хүчирхэг нэгэн байгаарай.
#5 Хэлэх үгээ хэтэрхий их анхаардаг
Та олон нийтийн дунд хэлэх үгээ заавал боддог уу? Ингэж хэлбэл яах бол, буруугаар ойлгох болов уу гээд л шаналдаг уу? Хэлэх үггүй хүн дуугүй байдаг шиг та ч бас дуугаа хураачихвал хүмүүс “Хүсэхгүй байгаа юм байлгүй” гэж бодохоос аргагүй. Дуртай таатай байгаагаа үг, үйлдлээрээ илэрхийлж байгаарай.
#6 Асуудал танд биш, тэдэнд байгаа
Дээрх бүх шалтгаанаас үл хамааран, хүмүүс таныг үл тоосоор л байвал магадгүй танаас шалтгаалаагүй байж мэднэ. Тиймээс бусадтай халуун дотно, сэтгэлийн харилцаа үүсгэхийг хүсвэл асуудал чухам юунд байгааг тунгаагаад үзээрэй. Та бусдыг өөрчилж чадахгүй ч өөрийгөө өөрчилж чадна.
Эх сурвалж: Psych2go.net, ub.life