Талибан хөдөлгөөний хяналтад ороогүй Афганистаны цорын ганц бүс нутаг болох Панжшер мужийн Үндэсний эсэргүүцлийн фронтын удирдагч Ахмад Масуд “Foreign Policy” сэтгүүлд ярилцлага өгч “Хэрэв талибууд эрх мэдлийг бүгдтэй хуваалцан, шударга ёс тогтоож, Афганистанд хүн бүрт тэгш эрх, эрх чөлөө олговол би ухарч, улс төрөөс холдоно” гэдгээ мэдэгджээ.
Талибанд үзүүлж байгаа эсэрэгүүцлээ зогсоох талаар хэлсэн түүний өөр нэг болзол нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг нэг гарт төвлөрүүлэхгүй байх юм. “Талибан” ийм нөхцөлүүдийг бүрдүүлж чадахгүй бол Панжшер муж тэднийг эсэргүүцсээр байна гэж Масуд цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн гадаад улс орноос ямар ч санхүүжилт аваагүй гэдгийг тэмдэглэжээ.
“Эх орноосоо дүрвэсэн Ашраф Ганигийн Засгийн газар олон бүс нутаг, улс орныг “Талибан”-ы талд зогсохоос аргагүй байдалд оруулсан. Тэдний үндсэрхэг хоосон гоё үгнээс эхлээд усан хангамжийн салбар хүртэлх энэ бүх бодлого хөрш орнуудтай дайсагнал үүсгэж, тэднийг “Талибан”-д ойртуулсан” гэж тэрбээр хэлсэн байна.
“Талибан” хөдөлгөөн Афганистаны Засгийн газрын хүчний эсрэг давшилтаа наймдугаар сарын эхээр эрчимжүүлсэн юм. Талибууд наймдугаар сарын 15-нд нийслэл хотод орж, Ерөнхийлөгчийн ордныг хяналтдаа авсан бол наймдугаар сарын 16-нд Афганистанд дайн дууссаныг, түүнчлэн улс орныг удирдах засаглалыг хэлбэрийг ойрын үед тодорхойлно гэж мэдэгдсэн. Тус хөдөлгөөний хяналтад ороогүй цорын ганц муж бол Панжшер юм.