Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани хооронд үүссэн маргааны явцын талаар мэдээллээ.
Ц.Нямбаатар: Рио Тинто группийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн байгаа. Захидалд:
- Оюутолгой төслийн менежментийг удирдаж байгаа баг гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан.
- “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойг онцолсон.
- Засгийн газрын эзэмшиж буй, “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байна гэсэн үг. Ер нь цаашдаа хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ.
“Оюутолгой” компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Б.Болд захирал илэрхийлсэн. Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тиймээс Лондонгийн арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаавал яасан юм бэ гэдэг саналыг илэрхийлсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ. Хэлэлцээр 2-3 жил үргэлжлэх болов уу. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна. Тэдний саналын дагуу бид ажиллана. 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана. Гүний уурхай ирэх оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. “Оюутолгой” компанийн удирдлага гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэсэн. Энэ төсөл амжилттай үргэлжлэх ёстой. Бид энэ долоо хоногт ажлын хэсэг дотроо эхлээд ярилцана. Ажлын хэсэгт УИХ Засгийн газрын гишүүд багтдаг. Дараа нь Засгийн газарт саналаа танилцуулна. Б.Болд захирал тэргүүтэй “Рио Тинто” группийн захирлууд Монголд ирсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ.