Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газар холбогдох шийдвэрийг гаргалаа.
Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм. Шалгалтаар, музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын системтэй харьцаж ажиллах чадвар сул зэргээс үүдэн соёлын эсрэг гэмт хэрэг зөрчил гарч байгаа нь тогтоогдсон байна. Мөн сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул хууль сахиулах байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгж байгуулж ажиллуулах шаардлагатай зэрэг дүгнэлт гарсан юм.
Иймд, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар,
- Төрийн болон орон нутгийн өмчийн музейн дохиолол, хяналтын камерын системийг шинэчлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт,
- Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгж байгуулах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.
Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мэдээлснээр 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулсан байдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлтэй төстэй, соёлын эд зүйлийг улсын хилээр давуулан гадаад улсад худалдан борлуулах чиглэлээр үйлдэгддэг байна.
Мөн гэмт хэрэг үйлдэгчид нь ихэвчлэн эртний эдлэлийн ченжүүд гэх тодотголтой иргэд байдаг бол захиалагч нар нь гадаад улсын иргэд байдаг хэмээн тогтоожээ.