Боловсролын зээлийн сан 2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ЭЕШ-ын оноогоор жагсаан 504 хүүхдийг сонгон шалгаруулж гадаадын их, дээд сургуульд суралцуулах, тэтгэлгийн асуудлыг шийдэх аж.
Оюутны тэтгэлэгийн жил бүр улсын төсөвт суулган шийдвэрлэх бөгөөд Засгийн газар хоорондын гэрээгээр дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах бодлого барих юм байна. Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт 7.2 тэрбум төгрөг бөгөөд дунджаар 4800 оюутанд олгох боломжтой гэнэ. Мөн тэтгэлэгийг хичээлийн жилийн нэг улирлаар тооцон олгож байхаар төлөвлөж буй аж. Тус сан энэ жил Төрийн өндөр албан тушаалтай хүүхдэд санхүүжилт олгохгүй хэмээн мэдэгдэж байна.
Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл гарч, нийтийн дургүйцлийг хүргэж байсан нь энэ шийдвэрт нөлөөлсөн бололтой. Шадар сайд С.Амарсайханыг хүүгийнхээ төлбөрт гаргуулсан 27 мянган ам.долларыг 100 хувь төлсөн гэж өнөөдөр Боловсролын зээлийн сан мэдэгдлээ.