Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн ажиллах, шинээр томилогдсон Элчин сайд нарт зориулсан уулзалт, сургалтыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд энэ сарын 20, 24-нд зохион байгуулав.
Гадаадын 23 улсад ажиллах Элчин сайд нарт зориулсан уулзалт, сургалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэлэв. Тэрбээр Элчин сайд нарт Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны салбарын ажлын талаар тодорхой мэдээлэл өгч, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар чиглэл өгөв.
“Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгаж, улс, үндэстнийхээ хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эрхэм зорилго байдаг. Чингэхэд дэлхийн улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэхэд Элчин сайд нарын үүрэг, хариуцлага нэн чухал юм” гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзах үеэрээ онцлов.
Монгол Улсын гадаад харилцааны салбарын ойрын хугацааны зорилт бол Гадаад бодлогын үзэл баримтлалыг удирдлага болгон “Алсын хараа-2050”, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гадаад харилцааны яамны 2020-2024 оны стратегийн төлөвлөгөө зэрэг урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт гадаад харилцааны чиглэлээр туссан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах юм.
Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас дипломат ажлыг хэвийн явуулахад амаргүй нөхцөл байдал үүссэн. Гэсэн хэдий ч манай улсын гадаад харилцаа шинэ нөхцөлтэй зохицон “завгүй” өрнөж байгаа. Гадаад бодлогын “алтан аргамж” ямар ч нөхцөлд тасрахгүй, улам бэхжиж байх учиртай. Үүнд Элчин сайд нарын хүчин чармайлт, идэвх санаачилга нэн чухал гэдгийг мөн тэмдэглэн хэлэв.
Тус сургалтаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Олон талт хамтын ажиллагааны газар, Консулын газар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Төрийн захиргааны удирдлагын газраас Монгол Улсын гадаад бодлого, дипломат алба, олон талт хамтын ажиллагаа, консулын үйл ажиллагаа, ДТГ-уудын хүний нөөц, санхүү төсвийн сахилга бат, албан хаагчдын сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийлээ.
Мөн Засгийн газрын гишүүд шинээр томилогдсон Элчин сайд нартай өргөтгөсөн уулзалтыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд энэ 8 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Засгийн газрын гишүүд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон яамдын салбарын асуудал хариуцсан газар, нэгжийн удирдлагууд оролцож, шинээр томилогдсон Элчин сайд нарт хариуцсан салбарын үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.
Түүнчлэн Засгийн газрын гишүүд Элчин сайд нарын суух болон хавсран суух улстай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар санал, зөвлөмж өгч, цаашид Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичгийг байгуулахад идэвх санаачилгатай ажиллах талаар чиглэл өглөө.
Коронавирусний цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд шинээр томилогдсон Элчин сайд нарыг хөрш болон гуравдагч хөрш улстай тогтоосон харилцааны түвшингээ гүнзгийрүүлж, Засгийн газраас зорилт тавин хэрэгжүүлж буй бодлогыг суугаа улсын төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах харилцаа, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг хүслээ.