Хятадын Сычуань муж гэхээр хамгийн түрүүнд хулсны баавгай панда санаанд орно. Үргэлжлүүлээд үүл, уул нь нийлсэн үзэсгэлэнт байгаль, ногоолин нуурууд нь нүднээ үзэгдэх. Миний хувьд Сычуаны төв Чэндү хотод анх удаа хөл тавьж байгаа хүн. Онгоцны цонхоор харахад зах хязгааргүй их хот, өндөр барилгууд жирэлзэж угтсан. Панданы хүрээлэн нь хөдөө байх юм бодтол хот дотроо аж.
Их хотын пөнхийсэн халуун уур амьсгалаас аглаг хөдөөгийн сэнхийсэн агаарт гэнэт орж явчихсандаа балмагдан “Хаана ирчихэв ээ” гэх бодол зурсхийсэн. Панданы хүрээлэнд зөвхөн тэр амьтдад зориулсан уул ус, хүрхрээ, амаржих байрууд, амьдрах хаусууд, тэднийг үзэж харахаар ирсэн жуулчдын амрах тухлах, амьтдаа харах, идэж уух, тэр байтугай зураг дарах бүх газрыг төгс гэхэд дэндүү зохицуулжээ. Тохижилт үйлчилгээ нь гайхалтай. Жуулчин хүн мөнгөө төлөөд ороод гарсныхаа төлөө хэзээ ч харамсахааргүй гоё орчин. Яг л зэрлэг байгаль дахь нууцлаг амралтын газар лугаа. Гэвч энд панданаас бусад нь бүгд хүний гараар бүтсэнийг хожим мэдээд шогширохоос өөр үг олдоогүй. Бүтээн байгуулалтыг бүлтийлгэтэл хийдэг улс ажээ.
Хятад улс сүүлийн жилүүдэд байгаль, амьтнаа түшиглэсэн асар том эко бүтээн байгуулалтыг хийж, энэ нь эргээд мөнгөний машин болон ажиллах болсон нь эндээс ч харагдаж байлаа. Байгаль хамгаалах ажлаа аялал жуулчлалтай холбосон айхтар уран бодлого аж. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга дуулдах болсон “Хятадын онцлогтой экологийн бүтээн байгуулалт” гээч зүйл нь энэ юмсанж. Модон орчуулга шиг энэ нэг ойлгомжгүй үгний учир начрыг эх байгалийн хүрээлэнд нь ирж ойлгов. Яах аргагүй амьд зэрлэг байгаль, модод нь хүртэл хагтай, байхгүй амьтан байхгүй, хэрэм жирхнүүд нүд эрээлжилтэл гүйлдэж, шувууд жиргэж, нуур цөөрөм нь цэлэлзсэн энэ газарт ирж панда гэдэг жаргачихсан амьтныг үзэж харах зуураа хүн гэдэг амьтан ч өөрөө хөөрхөн гэгч нь жаргаад авна. Хүний хэрэгцээт бүх үйлчилгээ байх агаад хамгийн гол нь амьд байгалийг дэвслэхгүй, аргыг нь олоод үзэж харчих зам харгуй, хашлага хаалтыг маш нарийн судалгаатайгаар, нүдэнд үл торох байдлаар зохицуулсан нь тэнэг хүн ч тэнээд төөрөөд явчихааргүй ойлгомжтой бөгөөд хялбар, бас тухтай. Хүн байгаль хоёрыг мэдрэмжийн хувьд нэгтгэх авч үйлчилгээ тохижилтынхоо ид шидээр хэн хэндээ хүршгүйгээр тусгаарлаж чаджээ. Харин жуулчдад тусгаарлагдсан мэдрэмж төрөхгүй, эх байгалийн дунд байх шиг тийм ялдам тав тухыг мэдрүүлнэ.
Ташрамд нь байгалаа хамгаалж байгаа төрийнхөө бодлогыг биширч энд орж ирэхийн тулд төлсөн мөнгөө тус үйлст хандивласан мэт цээж тэнүүн бодолтой алхацгаах аж. Нэг үгээр “Хэрэглэгчийг хаанд өргөмжлөх” гээчийг эд нар чадчихжээ.
Хятадад хэн жаргалтай вэ гэдэг асуултад Панда гэж хариулж болмоор. Тус бүртээ уултай, устай, цэцэг навчтай байгалийн хаустай, хамгийн сайн чанарын хулс идээд л, ихэнх цагт унтаад, сэрвэл жаахан тоглочихоод л, эрхлээд байж байдаг нөхөд юмсанж. Насанд хүрсэн нэг панда өдөрт 9 кг хулс иддэг гэнэ. 100 грамм жинтэй төрөөд 6 сарын дараа 10 кг болоод 4-6 насандаа 100 гаруй кг болдог амьтан гэнэ. Аварга панданууд нь бол 180 кг ч татна. Панда нэгээс гурван зулзага гаргадаг ч нэгийг нь үрчлээд нөгөөдүүлийг нь голчихдог юмсанж. Гологдлууд асран хамгаалагчдын тусламжтайгаар амьтан болдог аж. Тоо толгой нь цөөрөөд байсны шалтгаан нь энэ бололтой. Тэхдээ хөөрхийс харгисдаа биш, байгалийн зохилдлого нь цаанаасаа ердөө л ганц зулзага тэжээх хэмжээний сүүний нөөц, хүч энерги хайрласан гэх. Ачааллаа даадаггүй, эхийн зөнгүй амьтан юм байна. Аварга биенийхээ 99 хуваасны нэгтэй тэнцэх тийм өчүүхэн улаан цурав юмыг дөрөв тавхан сар тээгээд төрүүлчихдэг нь ч бас сонин. Махчин хэвээрээ байсан бол арай өөр байх, өвсөн тэжээлтэн болсноос л байгалийн зохилдлого нь алдагдсан болов уу гэж таалаа. Идэхээс бусад цагт унтаж байдаг нь ч энергиэ хадгалах гэж хичээдгийнх гэнэ. Хулсны шим энэ амьтанд хүрэлцдэггүй бололтой. Миний л логик л доо. Ер нь устаж үгүй болж байгаа амьтад эхлээд эхийн зөнгөө алддаг, үр зулзаганых нь тоо толгой цөөрч, өөрсдөө голж, сүүлдээ бүр идчихдэг болдог тухай өмнө нь амьтны тухай баримтат киногоор үзэж байсан нь санаанд оров. Гэхдээ эндэхийн панданууд хамгаалалтад орсноос хойш нь нас нь уртасчээ. Дундажаар арван хэд насалдаг байсан энэ амьтад одоо 25-30 настай байх нь хэвийн үзэгдэл болчихож.
Чэндүгийн панданы хүрээлэнд өнөөдрийн байдлаар 200 гаруй хулсны баавгай амьдарч байна. Нэгэн цагт үхэл мөхлийн ирмэгт ирээд байсан энэ амьтны тоо толгой одоо 2300-г хол давжээ.
Бусад нь байгалийн тусгай хамгаалалттай газруудад зэрлэг амьтныхаа зөнгөөр амьдарцгаадаг юм байна. Мэдээж асран хамгаалагчдын хараа хяналт, хайр халамжийн дор. Панданы хүрээлэнг үзэж байж л амьтны онцлог, хүмүүс тэдний амьдралд оролцож аварч хамгаалах нь ямар амаргүй ажил байдгийг ойлгож авлаа. Энэ нөхдүүдийг хянаж байдаг маш олон камерууд 24 цагаар ажиллана. Нар, саран хэлбэрт хоёр амаржих газарт төрөөд эхний нэг сар асран хамгаалагчдын халамжинд байна. Тэгсгээд ээжтэйгээ гэртээ харина. Панданы гэр болгон камертай. Энэхүү камерын бичлэгүүдийг дэлхий нийтээрээ үзэж пандаг тэндэхийн ажилчидтай хамт хянаж, хайрлаж, хамгаалах боломжийг бүрдүүлсэн нь бас нэг гайхамшиг. Хятадын төв телевиз CCTV-гийн IPanda гэдэг лайв суваг яг энэ төвөөс 24 цагийн турш тасралтгүй нэвтрүүлдэг. Энэ суваг гарснаас хойш эндэхийн панданууд дэлхий даяар “эзэд”-тэй болж, зарим улаан фэнүүд нь жинхэнэ амьд “од”-оо үзэх гэж энэ хүрээлэнг зорих болжээ. Панда бүхэн нэртэй, нэр, ааш зангийн онцлог, төрсөн он сар гэхчилэн амьдралынх нь мэдээллүүдийг бичсэн танилцуулгын салбарууд гэрийнх нь үүдэнд байж байх юм. Бас гадаадад явж байгаад ирсэн пандануудын тусгай хотхон ч байна. Өртөг зардал маш өндөртэй энэ амьтныг эзэгшигч цорын ганц улс нь Хятад. Гадаадад болон өөр хотуудад байгаа нь бүгд түрээсийнх. Панда түрээслүүлэхэд ганц жил нь сая доллар, бас дээр нь амьдралын чанарт нь тавигдах стандарт шаардлага тун нарийн юм байна. Голланд улс панда түрээслэх хүсэлт тавиад 16 жилийн нүүр үзэж гурван ерөнхийлөгч солигдсон ч стандартаа бүрэн хангаж чадалгүй их хугацаа алджээ. Ингээд сая нэг бүх бэлтгэлээ дуусгаж пандандаа зориулан дорнын хийц загвартай сүм шиг байр сууц хүртэл барьж байж залж аваачсан түүх ч дуулдаж байх шиг. Мөн зарим улс панда сонирхож түрээсэлж авсан ч идшийг нь дийлэхгүй эргүүлээд өгч байсан гэх мэт хөгтэй жишээнүүд олон аж. Идэшнийх нь хулс цоо шинэ байх ёстой бөгөөд Хятадаас онгоцоор тээвэрлэдэг аж.
Пандаг баавгайны төрөл, илбэнхийн төрөл гэдэг дээр одоо ч эрдэмтэд маргаантай байдаг
Энэ жаргачихсан нөхрийг хараад мазаалайгаа бодож их шимширч явлаа. Ялгаагүй л баавгайны онцгой ховор хоёр төрөл. Гэхдээ мазаалайг гэршүүлэх, панда шиг өсгөж үржүүлэх, аварч хамгаалах боломж маш муу гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Панданы хүрээлэнгийн эзэд нь хар цагаан толботой аварга панданууд л гэж буруу ойлгож явжээ. Энд бас улаан панда гэж хөөрхөн амьтан байна. Аварга пандатай харьцуулшгүй жижиг, үнэг хярсархуу биетэй, үзэсгэлэнтэй амьтан. Пандаг баавгайны төрөл, илбэнхийн төрөл гэдэг дээр одоо ч эрдэмтэд маргаантай байдаг гэсэн. Арьсыг нь судалсан эрдэмтэд баавгайны төрөл гэдэг, анатомыг нь судалсан улс харин илбэнхийн төрөл гэдэг. Улаан пандаг хараад “Энэ нөхөр нь бол яалт ч үгүй илбэнхийн төрлийнх нь юм байна” гэж бодогдов. Хоёулаа л нэн ховордож байсан төрлүүд юм байна. Нэгэн цагт удам нь тасрахад хүрч Улаан номонд тэмдэглэгдэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн бэлгэ тэмдэг болоод байсан энэ амьтан улаан номын жагсаалтаас хэдийнэ гарчээ.Энэ удаагийн аяллын маань зорилго бол байгаль, амьтныг хамгаалах чиглэлээр явуулж буй Хятадын төрийн бодлогын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж цуврал нэвтрүүлгүүд бэлтгэх үүрэг байсан. Энэ зорилгоо биелүүлэхэд хамгийн тохиромжтой газрыг Сычуань гэж манай баг сонгосон нь нүдээ олжээ. Мэдээж хэрэг панданы нутаг, бас төрийн дархан цаазтай 5А зэрэглэлийн байгалийн тусгай хамгаалалттай газрууд олонтой. Бүгдээр нь явах боломжгүй учраас бид Чэндүгийн Панда хамгааллын газар, төвд чянь үндэстний өөртөө засах Аба жөүгийн Жюжягөү сянь дахь байгалийн цогцолбор газруудыг зорьж очсон билээ. Ажлын явцад үзсэн харсан зүйлсээ хальт хуваалцахад иймэрхүү. Дараагийн тэмдэглэлээ Жюжягөү-р үргэлжлүүлэх болно.
Сэтгүүлч Б.Занданхүү