-Дэлхийн улс орнууд Афганистаны дүрвэгчдээс болгоомжилж, хүлээн авахаас татгалзах боллоо-
Афганистанд үүссэн улс төрийн тогтворгүй байдал дэлхий нийтийн анхаарлын төвд орсон өдрүүд үргэлжилж байна. АНУ-ын цэрэг тус улсаас гарч эхэлсний дараа Талибанчууд Афганистанд байр сууриа эзэлсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд Засгийн газраа байгуулах асуудал яригдаж байгаа юм.
Өрнөж буй үйл явдалтай зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт Зон олны намын дарга гэгдэх Э.Одбаяр, “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр нарын хүмүүс хазара дүрвэгчдийг Монголд хүлээн авахыг уриалж, төрийн өндөрлөгүүдэд хандан хүсэлт өгөх гэж байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч тэдний энэ байр суурь иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байна. Юу ярих нь хүний эрх ч нийтийн эрх ашгийг хөсөр хаясан бүгдийг санаачлах юм, энэ хүмүүс гадны захиалгаар ажилладаг байх гэх мэт үг хэл хэвлэлийн хурал хийгчдээс салалгүй хэд хонож байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээнд хүмүүс Монголд авчрах гээд байгаа хазааруудын дунд нэг шашны номлогч, нэг алан хядагч хавчуулчихад л манай улс хэцүүднэ. Мөргөлдөөн, хямралгүй байгаадаа баярлах хэрэгтэй. Түүхээр улс төр хийдэггүй, Энэ бол гадныхны гар хөл болсон хүмүүсийн дотоодод үймээн дэгдээх гэсэн явуулга. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн цагаач авах гэсэн лообий хэмээн дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.
Цагаач хүлээн авч байгаагүй монголчуудын хувьд энэ сэдэв хүнд тусчээ. Түүхээ хөөвөл огтоос хамааралгүй хазаар үндэстэнг монголчуудын “хамаатан” болгон наасан, ийн ярьж эхэлсэн нөхдийг ч хүмүүс эрэн хайж, учир шалтгааныг уудлан тавихад бэлэн дээрээ ирчихсэн явж байна. Гэвч Афганаас дүрвэж байгаа хүмүүсээс татгалзаж байгаа нь ганцхан монголчууд биш юм.
Зуу зуун жилийн түүхэндээ цагаачлалыг хүлээн зөвшөөрч ирсэн, цагаачлалын том бодлоготой улс орнууд ч энэ удаа Афганистанаас дүрвэгчдээс болгоомжилж, айн ширвээтэж, цааш түлхэж байна. Энэ нь тус оронд үүссэн нөхцөл байдлын ард ямар нэгэн болгоомжлох ёстой зүйл оршиж буйг харуулаад байх шиг.
Тавдугаар сараас хойш 550 мянган афган орон гэрээ орхижээ
НҮБ-ын албан ёсны тоо баримт бүгдийг хэлнэ. “Талибан” хөдөлгөөний нууц давшилт энэ оны эхээр эхэлснээс хойш 550 мянган афган орон гэрээ орхижээ. Тэдний тал хувь нь дөнгөж саяхнаас буюу тавдугаар сараас хойш дүрвэсэн бөгөөд олонх нь улсын хил, Кабулын нисэх онгоцны буудлуудад бөөгнөрөөд байна. Эдгээр сүлжээгээр долоо хоног бүр 20-30 мянган хүн гарч байна гэсэн тооцоо бий.
Дүрвэж байгаа эдгээр хүмүүсийн ихэнхийнх нь хувь заяа Пакистан, Иран, Тажикистан, Узбекистан зэрэг хөрш орнуудын шийдвэрээс шалтгаалж байна. Олон дүрвэгч Европ руу гарахыг хүсэж байгаа ч 2015 онд Сирийн дүрвэгчдийн гарснаас ч хүнд байдалд байгаа юм. Учир нь зам хол, Европын холбоонд олон нийт тэдэнд тийм ч найрсаг бус хандаж байна. Цагаачид урт холын замыг ажрахгүй явъя гэсэн ч тэнгис далай, уул нуруу, хиймэл хана, Иран, Турк, Грек зэрэг улсын хил саад болж, олон саад бэрхшээлийг давахад тийм ч амар биш байгаа юм.
Афган цагаачдын талаар улс орны тэргүүнүүд ийм байр суурь илэрхийлээд байна
Австри: Европын холбоо бүхэлдээ гадаад хилийн хамгаалалтаа бэхжүүлэх шаардлагатай байна
Афганы дүрвэгчдийг хүлээн авахаас эрс татгалзсан Европын орнуудын тоонд Австри улс орно. Тус улсын Дотоод хэргийн сайд Карл Нехаммер энэ үед афганчууд Австри руу явах ямар ч шалтгаан байхгүй бөгөөд Афганистантай хиллэдэг мужуудад албадан гаргах төв байгуулахыг дэмжиж байна гэжээ. Нехаммер хэлэхдээ, одоо нэн тэргүүний зорилт бол “Афганистаны хөршүүдтэй бүс нутагтаа хамгаалалт, тусламж үзүүлэх талаар хэлэлцээ хийх” ёстой гэжээ. Европын холбоо бүхэлдээ гадаад хилийн хамгаалалтаа бэхжүүлэх шаардлагатай байна гэж Австрийн сайд хэлжээ.
Франц: Миний хувьд хотдоо дүрвэгч хүлээн авахгүй. Манай хот хэдхэн жилийн өмнө алан хядах ажиллагаанд өртсөн
Францын Засгийн газар Ерөнхийлөгч Эммануэль Макроныхоо энэ сарын 16-нд хэлсэн, дэлхий дахинаа шүүмжлэл дагуулсан үгийг зөөллөхийг оролдож байна. Макрон телевизээр үг хэлэхдээ Афганистанаас ирэх цагаачдын зохицуулалтгүй урсгалыг эрс эсэргүүцсэн аж.
Дээр нь Францын Ницца хотын дарга Кристиан Эстрози хотын иргэдийнхээ аюулгүй байдлын үүднээс афганы дүрвэгчдийг хүлээн авахаас эрс татгалзаж байгаагаа зарласан байна. “Миний л хувьд хотдоо дүрвэгч хүлээн авахгүй. Манай хот хэдхэн жилийн өмнө алан хядах ажиллагаанд өртсөн шүү дээ” хэмээжээ.
Скандинавын орнууд: Данийн Засгийн газар огт авахгүй
Сүүлийн үед Дани улс цагаачлалын бодлогоо чангатгаж, дүрвэгчдийн статус авсан сиричүүдийг хүртэл Дамаск руу нь буцаана гэх болжээ. Тус улсын Засгийн газар афганчуудыг огт авахгүйгээ зарласан юм. Үүнтэй адил нөхцөл байдал Шведэд үүсэж, эрх баригч намын дарамт шахалтаар цагаачлалын бодлогоо чангатгасан байна.
Туркменистан: Тус улс Афганаас дүрвэн ирсэн туркмен угсаатнуудаа хүлээж авахгүй байна
Афганистан дахь нөхцөл байдлаас дайжин хоргодохоор хил дээр ирсэн туркмен угсаатнуудаа Туркменистан улс нэвтрүүлэхгүй байна. Афганы дайчид, туркмен угсаатнуудыг хил давахыг оролдох бүрийд саад бодж, хилийн орчимд буун дуу гарч эхэлжээ.
Гадаад мэдээний эх сурвалж: DW