Зах, худалдааны төвүүд ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзвараар нь зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцоход, замын ачаалал 10-15 хувиар багассан дүн гарчээ. Томоохон зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь авто замын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Түүнчлэн, улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд 147 293 оюутан сурдгаас Улаанбаатарт 79 их, дээд сургуульд 141 391 оюутан буюу 96 хувь нь байгаа аж.
Мөн хотын 111 зах, худалдааны төвд 25 288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 57 хувь буюу 14 340 худалдаа эрхлэгч “Нарантуул”, “Хархорин” “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айл, “Барс” захад ажиллаж байна.
Иймд Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Мөн ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгаанд дурдсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулах, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах бодлогын хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулахыг Хотын дарга үүрэг болгоод байгаа.