ЦЕГ өнөөдөр (2017.07.06) Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах болон наадамчдын тав тух, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаараа мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн байдал зарлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажиллагаа наадам дуустал үргэлжлэх юм байна.
Наадмын өдрүүдэд цагдаагийн 398 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах ба Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг гурван газарт байнгын ажиллагаатай гурван пост ажиллах юм байна. Мөн баярын үеэр ачаалал ихэсдэг хэсгүүдэд зөөврийн камеруудыг суурилуулжээ.
Долдугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Энэ өдрүүдэд 720 цагдаа замын ажиллаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах тал дээр анхаарч ажиллах гэнэ.
Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн 7 төрлийн зөвшөөрөл олгогдоно. Зөвшөөрлийг Yийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төв дэх салбараар маргаашаас (2017.07.07) эхлэн худалдах юм байна.
Иргэд эдгээр эрхээс сонголт хийж худалдан авах боломжтой. Харин жолооч нар авсан зөвшөөрөл дээрх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстойг Замын цагдаагийн алба анхааруулав.
ЗӨВШӨӨРЛИЙН ТӨРӨЛ
Төв цэнгэлдэх хүрээлэнд: “А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.
“Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
Хүй долоо худагт: Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
“Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.
Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.