УИХ-ын дарга М.Энхболдын хувийн болон албаны бичлэгийг АН-ын сонгуулийн штабт нийлүүлж байсан хэрэгт УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Д.Ууганбаатар сэжиглэгдэн шалгаж байгаа нь тодорхой боллоо. Төрийн өндөр албан тушаалтны аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй Төрийн тусгай хамгаалалтын газрынхан өчигдөр (2017.07.05) орой мэдээлэл хийж:
-Д.Ууганбаатар хамгийн сүүлд УИХ-ын экс дарга Зандаахүүгийн Энхболдтой долдугаар сарын 4-ны 10.00 цагийн үед холбоо барьснаасаа хойш сураггүй байгаа. Түүний унаж явсан, өөрийнх нь эзэмшлийн 96-90 УНЛ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн, соната маркийн автомашин өчигдөр 15.00 цаг орчимд Баянгол зочид буудлын хашаа руу орж зогссоноос хойш хөдлөөгүйг Замын цагдаагийн газрын камер тогтоосон. Төрийн нэгдүгээр зэргийн хамгаалалтад байдаг хүний алба, амины мэдээллийг тээж яваа учраас Д.Ууганбаатарын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд санаа зовж байна хэмээн мэдэгдсэн.
Яг одоо (2017.07.06) Улаанбаатарт 14:45 цаг болж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дуулиан шуугиан үүсгэх бичлэгийг тараасан хэрэгт хардагдаж байгаа Д.Ууганбаатартай утсаар холбогдсон эсэх болон түүний машин Баянгол зочид буудлын хашаанд байгаа эсэх тухай тайлбарыг Зандаахүүгийн Энхболд, Халтмаагийн Баттулга нар албан ёсоор өгөөгүй байна. Угтаа бол тэд Д.Ууганбаатартай огт холбоогүй бол хамгийн түрүүнд хэвлэлийн хурал зарлаж, өрсөлдөгч талаа ор үндэсгүй гүтгэж байна хэмээн гомдоллох учиртай.
Эх сурвалжууд харин Д.Ууганбаатар нь 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш УИХ-ын Тамгын газарт ажилд орсон бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн асан, одоо Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ажилд оруулж өгч байсан. Хэн нэгнээр овоглох дуртай болсон орчин цагийнхны хэллэгээр бол “Тэр С.Одонтуяа гишүүний хүн” хэмээн мэдээлж байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Д.Ууганбаатар мэдээллийг АН-д төлөвлөгөөтэйгөөр өгсөн хэрэгт буруутгагдах бололтой. Үгүй бол Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа цаг заваасаа хумсалж, энэ мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл хийх болов уу.
Өнөөдөр 13.00 цаг орчимд манай сурвалжлагч зураглаач Д.Ууганбаатарын машин байрлаж байгаа “Баянгол” зочид буудал орчмоор сурвалжлага хийгээд ирлээ. Тус буудлын хашаан дотор болон гадна талд хамгаалалтын алба болон цагдаагийн ажилтнууд машин дотор хоёр, хоёроороо хамгаалалтанд гарсан байдалтай байна. Буудлын камер нэлээд идэвхитэй ажиллаж байгаа бололтой. Хамгаалалтын албаныхан манай сурвалжлагчийн камерийг хураан авсан байна. Үүний дараа тус буудлын Хамгаалалтын албан дээр цагдаагийн албан хаагч очиж манай сурвалжлагчийг явуулсан байлаа.
Баянгол зочид буудал орчимд: 2017.07.06-ны 13,00 цаг
Д.ХАЛИУН
2 comments
ter mashin n haana
МАН эвгуй бичлэгнуудээ алдчихаад л хардпж байгаа этгээдийнхээ араас намнаад байна. Одоо арай эвлуулэг гээд гурийхгуй байгаа даа