Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хоёр ээлжээр хичээллэнэ. Таван настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулна.
Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын норматив 900 төгрөг байсныг 1500 болгон нэмэгдүүлсэн. Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, суралцах чадвар, бүтээмжид гол нөлөө үзүүлдэг тул “Үдийн хоол” хөтөлбөрийн чанарт онцгой анхаарахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа.
Хүүхдүүдийн хичээл, сургалт бараг хоёр жил завсарлаад эхэлж байна. Хичээлийн хоцрогдлыг арилгах том зорилт тулгарлаа. Засгийн газар хичээл сургалт эхлүүлэх бүх зохион байгуулалтыг хийнэ гэж Ерөнхий сайд хэлээд хичээлийн хоцрогдлыг арилгахад багш нараас гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал гэдгийг онцолж байлаа.
Цэцэрлэг, сургуулийн багш нарын 94 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ. Эцэг, эхчүүд 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгаа юм байна. Цар тахлын үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах гэж буйтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 сургууль, 146 дугаар цэцэрлэгт ажиллалаа.