Туркийн Хар тэнгисийн ойролцоох бүс нутагт энэ долоо хоногт болсон үерийн улмаас 17 хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болжээ. Энэ нь Турк улсад энэ сард тохиолдсон байгалийн хоёр дахь гамшиг болж байгаа бөгөөд гудамжууд ус, хог хаягдлаар дүүрч, гүүр эвдэрч, зам эвдэрсэн байна.
Эрх баригчид хоёр долоо хоногийн турш өмнөд эргийн бүс нутгийг дайран өнгөрч байсан ой хээрийн түймрийг хяналтандаа авч чадсан гэж мэдэгдэж байх үед үерийн ус хойд мужуудыг хамсан бөгөөд тэр даруй эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.
тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Кастамону, Синоп, Бартин мужид үерийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан 17 хүний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Мөн байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах, сэргээн босгох ажиллагаа эрчимтэй явагдаж буйг хэлээд “Бид үерт нэрвэгдсэн бүс нутаг дахь иргэдээ авран хамгаалах, нийтийн тээврийн сүлжээг эргэн хэвийн болгох, байгалийн гамшгийн улмаас сүйдсэн хохирлыг барагдуулахын төлөө өдөр шөнийг үл хайхран ажиллаж байна” гэж хэлсэн байна.
Үерийн нөлөөлөлд өртсөн бүс нутгуудаас 1300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд заримыг нь нисдэг тэрэг, завины тусламжтайгаар нүүлгэн шилжүүлж, 700 шахам хүнийг оюутны дотуур байранд байрлуулсан гэж тус улсын Гамшигтай тэмцэх, онцгой байдлын газар (Афад) мэдээлжээ.
Дотоод хэргийн яамны бичлэгт үерийн ус урсаж байгаа гудамжуудад гацсан хүмүүсийг аврахын тулд далайн эргийн хамгаалалтын ажилтнуудыг байшингийн дээвэр дээр нисдэг тэрэгээр зөөвөрлөсөн буулгаж байгаа нь үлджээ.
Үерийн улмаас эрчим хүчний дэд бүтэц эвдэрч, 320 гаруй тосгон гэрэл цахилгаангүй болж, таван гүүр нурж, олон арван барилга эвдэрч зам хаагдахад хүргэсэн гэж Афад мэдээлжээ.
Эх сурвалж: Irishtimes.com