Токио 2020 олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын сүүлчийн ээлж өчигдөр орой эх орондоо ирлээ. Чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүний багт Токиогийн олимпын чөлөөт бөхийн 53 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Бат-Очирын Болортуяа ирлээ.
Засгийн газар өчигдөр хуралдан олимпын мөнгөн медалийн эзнийг 60 сая, хүрэл медалийн эзнийг 30 сая төгрөгөөр шагнах шийдвэр гаргаад байгаа. Мөн дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгох шийдвэр гаргасан билээ.
Олимпын хүрэл медальт Б.Болортуяа өчигдөр (2021.08.11) Чингисхаан Олон улсын нисэх буудалд буусныхаа дараа хэвлэлийнхний асуултад хариулсан яриаг сийрүүлэн хүргэж байна.
–Олимпын хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Олимпоос чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн авсан хоёр дахь медаль байлаа. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Би дэлхийн аваргаас медаль авч Сүхээ багшийн дэлхийн медальтай 10 дахь шавь болж байсан. Чөлөөт бөхийн төрөлд олимпын 10 дахь медалийг, эмэгтэй чөлөөт бөхийн хоёр дахь медалийг авсан. Сэтгэгдэл маш өндөр байна.
-Олимпын медаль авах өдрийн барилдааны тактикаа хэрхэн бодож төлөвлөсөн бэ. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэж байсан бэ?
-Ер нь олимпын дэвжээ гэдэг бол амар зүйл биш. Шилдэг 16 бөх барилддаг, амар тамирчин гэж байдаггүй. Сэтгэл зүйгээ өндөр түвшинд бэлдсэн. Багш нар маань ч гэсэн итгэл өгч, урмын үг хайрлаж байсан болохоор багш нарынхаа итгэл, урмын үгээр тэжээгдэж дэвжээн дээр гарч барилдсан.
-Олимпын медалиа зүүгээд зогсож байхад танд ямар мэдрэмж төрж байсан бэ, тэр үед юу бодогдож байв?
-Дэвжээнээс бууж ирээд өөртөө итгэж өгөөгүй. Ингээд олимпын медальтан болсон гэж үү гээд сэтгэгдэл маш өндөр байсан. Дэвжээнд дээр гарахынхаа өмнө багштайгаа байнга утсаар ярьж, байнга техник, тактик ярьж байсан.
-Хүрэл медалийн төлөө барилдахаар дэвжээнд гарахын өмнө багш, дасгалжуулагчид нь юу зөвлөж байсан бэ?
-Намайг амарч байх тохиолдолд бол багш нар маань бичлэгийг нь үзээд энэ тамирчин ийм барилдаантай юм байна, ингэж барилдах ёстой юм байна гэсэн техник, тактик боловсруулаад хэлж байсан. Сүхээ багш маань хүртэл өдөр нь video coll хийж, барилдах тамирчны маань оронд өөрийгөө тавьж барилдаад, ийм барилдаан хий гэсэн үнэтэй зөвлөгөө өгсөн. Багш нарынхаа зөвлөгөөг дагаж барилдаад энэ медалийг авсандаа маш их баяртай байна.
-Сүхбаатар гавьяатаас ярилцлага авахад багш нь чиний тухай ярихаар нь өөрийн эрхгүй нулимс нь урсаж байсан. Энэ бол энэ медалийг маш олон хүн хүсэн хүлээж байсны илрэл болов уу?
-Тэгэлгүй яахав, манайхаас есөн тамирчин олимпийн эрх авч очсон. Бүгд медаль авах боломжтой байсан. Харамсалтай нь хожигдоод яваад байсан. Хамгийн сүүлд эмэгтэй хөнгөн жиндээ ороод хүлээлттэй байсан медалийг авсандаа маш их баяртай байна.
-Хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа та зургаан минут дэвжээн дээр ач тач үзэхийг чөлөөт бөх гэнэ гэж хэлсэн байдаг. Өнөөдөр бол та олимп, дэлхийн бөх болсон. Одоо танд юу бодогдож байна вэ?
-Чөлөөт бөх гэдэг бол чөлөөтэй барилдахын илэрхийлэл. Авхаалж самбаатай, хурдтай хүчтэй, ер нь бол биеэ чөлөөтэй тэсрэлттэй барилдах хэрэгтэй. Бид өдөрт хоёр цаг гаруй бэлтгэл хийдэг бол дэвжээн дээр зургаан миунт барилддаг. Тийм учраас үр дүнтэй, бүх чадвараа дайчлаад, хэзээ ч харамсахааргүй барилдах хэрэгтэй гэж боддог.
-2019 оны Дэлхийн аваргын дараа өөрөөсөө үлгэр дууриал авдаг дүү нартаа хандаад хэсэгхэн зуурын бэрхшээлд битгий шантараарай гэж хэлж байсан. Одоо та олимпын медальтай тамирчин. Чөлөөт бөхөөр хичээллэдэг дүү нартаа юу захих вэ?
-Бид өдөрт хоёр цаг бэлтгэл хийдэг. Амжилт гаргахын тулд л бэлтгэл хийдэг. Дэвжээн дээр гараад зургаахан минут барилдана. Үүний төлөө ерөөсөө шантарч болохгүй, зургаан минутыг дуусан дуустал өөртөө байгаа бүх нөөц бололцоогоо ашиглаад тэвчээртэй, тэмцэлтэй байгаарай гэж хэлмээр байна.
-Бэлтгэл хийж байх үед шантрах үе гардаг уу, үүнийг хэрхэн даван туулдаг вэ?
-Би шантарч байгаагүй, үе үеийн дүү нартаа бол битгий шантараарай. Шигшээгийнхээ ах, эгч нараар үлгэр дууриал авч байгаарай гэж хэлнэ.
-Таны хувьд үлгэр дууриал авдаг ямар тамирчид байдаг вэ?
-Миний хувьд эрэгтэйгээс Монгол Улсын гавьяат тамирчин Бэхбаяр ах маань байгаа. Энхээ багшийн маань шавь, хөл авдаг, хурдтай темптэй, хөнгөн жингийн бөх. Бэхээ ахаасаа үлгэр дууриал авч байдаг. Эмэгтэй тамирчдаас гэвэл Сүхбаатар багшийн маань шавь МУГТ Очирбатын Бурмаа, МУГТ Очирбатын Насанбурмаа гээд хоёр эгчээсээ үлгэр дууриал авдаг. Мөн миний багш ОУХМ Оюунсүрэн, дэлхийн аваргын мөнгөн медальтай багш маань байгаа.
-Олимпын медальтан болоод ирэхэд хань нь цэцгийн баглаатай угтлаа. Энэ агшин дурсамж болж үлдэх байх?
-Тийм, бид адилхан бариллдаг спортын хүн байгаа. Бэлтгэл дээр, дэвжээн дээр миний багшийн хувиар байдаг. Байнгын үнэтэй зөвлөгөө өгч, байнга хажууд минь байдагт маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Таны болон танай гэр бүлийн цаашдын зорилго юу вэ?
-Ер нь бол тамирчин хүний зорилго дуусашгүй, дундрашгүй. Тийм учраас дараа дараагийнхаа тэмцээнд бэлтгэл сургуулилтаа сайн хийж, маш сайн барилдана гэж бодож байна.
-Олимпын нэг цикл дуусч, шинэ цикл эхэлж байна. Францын олимп хүлээж байна. Арваннэгдүгээр сард Дэлхийн аваргын тэмцээн байгаа. Энэ тал дээр бэлтгэл сургуулиалтаа яаж хангана гэсэн бодолтой байгаа вэ?
-Сүхбаатар багш маань байна, Мөнхсүх багш маань байна. Шигшээгийн намайг дасгалжуулсан үндсэн таван багш маань байна. Тэд нартайгаа техник, тактикаа ярилцаад дараагийн циклийн амжилтнуудыг бий болгоно.
-Энэ удаагийн олимпт хийсэн чухал барилдаануудын нэг нь Японы бөх, дэлхийн аваргатай хийсэн барилдаан байлаа. Эргээд бодоход ямар тактиктай барилдсан бол ялах боломжтой байсан бол. Хэрвээ тэр бөхийг ялсан бол аваргын төлөө барилдах боломжтой байсан шүү дээ?
-Ер нь бол өмнө нь Японы бөх Мукаидатай барилдаж үзээгүй. Гэхдээ барилдааны судалгааг бол нэлээн хийсэн. Уг нь хожих бүрэн боломжтой байсан. Гэхдээ өөрийн техник талын алдаанаас болж хожигдсон. Цааш цаашдаа энэ техник тактик дээрээ илүү анхаарч ажиллах болно.
-Ялагдаад хамгийн түрүү юу бодогдож байсан бэ. Сэтгэлээр унасан уу?
-Багш нар маань дараагийн барилдаан байгаа. Тийм учраас энэ барилдааныг бодож сэтгэлээр унаж болохгүй. Харин алдаан дээрээ суралцаад маргаашийнхаа барилдаанд илүү төвлөр, анхаар гээд ер нь сэтгэлээр унах боломж олгоогүй.
-Удахгүй Улсын аварга, араас нь тив, дэлхийн аварга, тэгээд олимпийн цикл ирнэ. Энэ удаа гаргасан амжилтаа хэрхэн дүгнэж байгаа вэ. Барилдаан, техник тактикийн хувьд энэ талаас нь засаж залруулмаар юм байна гэсэн тийм төлөвлөлт юу байгаа вэ?
-Тэмцээн дууссан, техник тактикийн алдаа надад зөндөө байгаа. Одоо бэлтгэл сургуулилтандаа ороод багш нартайгаа сайхан зөвлөлдөөд алдаануудаа бүгдийг нь засах болно.
-Эх орондоо ирээд юуны өмнө сайхан амрахыг хүсч байгаа байх. Хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байгаа вэ?
-Тэгэлгүй яахав, ер нь бол гэрийнхэнтэйгээ байж амрахыг маш их хүсч байгаа. Яагаад гэвэл цар тахал, ковид гэсэн хэцүү цагт бэлтгэлээс бэлтгэлийн хооронд яваад гэртээ ч ирж амжаагүй тэмцээнд явсан.
-Өөрийн чинь содон амжилт бол Дэлхийн аваргад анх оролцоод медаль авсан, олимпт мөн анх оролцоод медаль авсан явдал. Барилдааныг чинь харахад өөртөө их итгэлтэй, зоригтой барилддаг. Яг тийм өөртөө итгэх итгэл, эрч хүчийг юунаас авдаг вэ?
-Бэлтгэл сайтай хүний сэтгэл зүй өндөр гэдэг шиг бэлтгэлээ ер нь өөртөө сэтгэл хангалуун, тултал хийж чадсан болохоор сэтгэл зүй өндөр байдаг гэж багш нар маань ч хэлдэг, өөрийгөө ч тэгж зоригжуулдаг. Бэлтгэл сайтай хүний сэтгэл зүй өндөр гэж л боддог.
-Өдрийн 24 цагийн хэдийг нь та бэлтгэлдээ зарцуулдаг байсан бэ?
-Цагийн хуваарь бол тэмцээнгүй үед өдрийн хоёр бэлтгэл, гурван бэлтгэл гээд янз янз. Тэмцээн дөхөөд ирэхээр барилдааны бэлтгэл рүүгээ орох юм бол өдөрт нэг бэлтгэл, 2-3 цаг бэлтгэл хийдэг.
-Та Сүхбаатар багшийн дэлхийн медальтай 10 дахь шавь нь, Монголын чөлөөт бөхийн олимпоос авсан арав дахь медалийг сая авлаа. Энэ нь бас содон амжилт болж байх шиг байна?
-Тийм, аравын тоон дээр ийм бэлэгдэл явж байгаад бас баяртай байгаа.
-Хоёр жилийн өмнө ярилцлага өгөхдөө өөрийнхөө зорилгуудыг тодорхойлоод тэмдэглэл бичсэн тухайгаа өгүүлсэн байдаг. Тэр зорилгууд дунд олимпоос медаль авна гэсэн зүйл байсан болов уу. Тэмдэглэсэн зорилгууд тань биелэсэн үү?
-Тийм, тэмдэглэл бичээд хөтөлдөг байдаг. Ер нь бол зорилго, мөрөөдлөө их бичиж, зурдаг. Одоо ч гэсэн зурдаг. Мөнхсүх багш маань 2016 онд Япон руу бэлтгэл хийх гэж явуулаад, Япони Ичиши клуб руу тус клубын багш болон Бямбаа ахаар дамжуулан холбогдоод Отгонбаяр гэдэг найзтай маань бэлтгэлд явуулсан. Тэгэхэд тэмдэглэл хөтлөөд, ирээдүйн зорилго, ойрын зорилго, хэтийн зорилгоо бүгдийг нь гаргаж бичээд явахаар амжилт өөрөө ирдэг гэж багш маань хэлсэн. Өнөөдрийг хүртэл тэмдэглэл хөтлөөд, зорилгоо бичээд мөрөөдөл рүүгээ ойртож яваадаа маш их баяртай байна.