Оюутолгой ордын ашиглалтын явцад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг УИХ байгуулаад хагас жил орчим болж байна. Өнөөдөр тус ажлын хэсгээс хийсэн хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл хийлээ.
Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар Засгийн газар Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж, дүгнэлтээ гаргажээ.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болоогүй хэмээн үзсэн байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон хүмүүс ийн ярьж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Уг төслийн хамгийн гол нөөцийг бүрдүүлж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил тодорхой шалтгааны улмаас зардал хэтэрсэн асуудлыг 2019 оны долдугаар сард “Рио Тинто”, Оюутолгой компанийн зүгээс Засгийн газарт анх удаа танилцуулсан. Уг танилцуулгад “энэ асуудал урьдчилан тааварлаж, болзошгүй геотехникийн нөхцөл байдлаас болж зардал хэтэрлээ” гэж Монголын талд мэдэгдсэн. Зардал тухайн үед 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гуч хүртэлх сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажил хойшилсон гэж ярьж байсан.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал геотехникийн асуудалтай хамааралгүй гэж тодорхойлсон. Шинжээчдийн ажлын хэсэгт “Рио Тинто”-той ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчдийг олох асуудал эхэндээ хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч зэсийн томоохон төслүүдэд 20-40 жил ажилласан, туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж, гэрээ байгуулсан. Гэрээ хэлцлийн асуудал, цаашдаа дээрх нөхцөл байдалд тулгуурлан явагдана.
“Оюутолгой” төслийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир: Дээрх асуудлыг Оюутолгойн ТУЗ авч хэлэлцэнэ. Цаашдаа далд уурхайн бүтээн байгуулалтад дахин зардлын хэтрэлт, төслийн менежментийн алдаа гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуудал үргэлжилнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Дубайн төлөвлөгөөний хүрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Харамсалтай нь, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдсэн, хоёр жилээр хугацаа алдсан явдалд хувьцаа эзэмшигчийнхээ хувьд Монгол Улсын Засгийн газар гомдолтой байгаа. Үүний дагуу шинжээчдийг ажиллуулсан.
Цаашид хэлэлцээрийн явцад менежментийн багийн алдаанаас болсон гарсан зардлыг хэрхэн хариуцуулах вэ гэдэг олон ажил хийнэ. Эрх зүйн маргааны хувьд Монгол Улсын Засгийн газрыг татварын маргаантай холбоотой асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд өгсөн. Монгол Улсын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг маргаанд “Рио Тинто”-г татаж оролцуулъя. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой гарсан алдаанд “Рио Тинто”-г буруутгаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Наймдугаар сард багтааж, сөрөг нэхэмжлэлийг Лондонд хэлэлцэж эхлэхээр цаг хугацааны төлөвлөгөөтэй явж байна.
АНУ болон Их Британийн үнэт цаасны хороонд жижиг хувьцаа эзэмшдэг төлөөллөөс “Рио Тинто”-г буруутгаж гомдол гаргасан асуудалд хэрэг үүсгэн шалгагдаж байгаа.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго:
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй Ажлын хэсгийн гишүүд нэлээн дэлгэрэнгүй танилцаж байна. Мөн энэхүү дүгнэлтийг баталгаажуулж, гүнийн уурхайн чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөхүүд мөн дүгнэлтээ өгсөн нь хэлэлцээрийг урагшлуулахад нөлөө үзүүлнэ. Шинжээчид болон зөвлөхүүд Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хэтрэлт юунаас болов гэдэг дээр нэлээн дэлгэрэнгүй дүгнэлт гаргасан.
Үүнд санхүүгийн тал дээр дахин хөндлөнгийн аудит хийлгэх нь зүйтэй. Хугацаа хэтрэлтээс үүдэлтэй зардлын хэтрэлт дээр дэлгэрэнгүй дүгнэлт гаргуулах зүйтэй гэх зөвлөмжийг өгсөн. Тиймээс цаашид шаардлагатай арга хэмжээнүүдийг авна.