Токио: Олимпын хотхонд гарсан сovid-19 халдварын тоо 400 давжээ

Бямба гаригт Токиогийн Олимпын хотхоны 22 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдаж Олимптой холбоотой тохиолдлын нийт тоо 404-т хүрлээ гэж наадмыг зохион байгуулагчид мэдэгдэв.
Шинээр илэрсэн халдваруудын 13 нь гэрээт ажилтан, дөрөв нь наадамтай холбоотой төлөөлөгч, хоёр нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хоёр нь зохион байгуулах хорооны ажилтан, нэг нь сайн дурын ажилтан байжээ.
Тамирчдын дунд сүүлийн хоёр өдөр дараалан халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч шинжилгээний хариу нь эерэг гарсан 22 хүний 16 нь Японы иргэн аж. Мөн тамирчдын хотхонд байрлаж байсан хилийн чанадаас ирсэн нэг хүнээс мөн халдвар илэрчээ.
Олимпын наадам 17 өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөх юм. Наадмыг зохион байгуулж байгаа Токио хот халдварын улмаас онцгой байдал тогтоосон хэвээр байгаа ч Японы бусад бүсүүдэд сүүлийн долоо хоногт халдварын тохиолдлын тоо нэмэгдээр байна.
Пүрэв гаригт Японы нийслэлд 5042 хүнээс халдвар илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Баасан гарагт 4515 тохиолдол илэрч, баасан гаригийн байдлаар улсын хэмжээнд илэрсэн халдварын нийт тохиолдол нэг саяд хүрлээ.
Тамирчид “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээг мөрдөн тусдаа ертөнцөд амьдарч байгаа учраас хотхоны гаднах нөхцөл байдалтай харьцуулахад халдварын тохиолдол цөөн бүртгэгдсэн гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
Эх сурвалж: Japan Times