[starbox]
АНУ-ын конгресст конгрессын гишүүдэд санхүүгийн хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөл оруулж иржээ. Тодруулбал, гишүүд тогтоосон хугацаанд ирэх оны төсвийн төслөө оруулж ирээгүй тохиолдолд цалинг нь танах юм байна. Хуулийн төслийг санаачлагчид цалинг нэг ам.доллар хүртэл болгож бууруулах хэрэгтэй гэж үзжээ. АНУ-ын парламент гурван сар хүрэхгүй хугацааны дараахан буюу ирэх есдүгээр сарын 30-нд эхлэх 2018 оны санхүүгийн жилийн төсвийн төслөө одоог хүртэл батлаагүй байгаа юм.
Хуулийн төслийг конгрессын гишүүн, Бүгд найрамдах намын Грег Жианфорте санаачилсан байна. Түүний хувьд конгресс дэх Ардчилсан намын олон гишүүн 2018 оны холбооны төсвийн төслийг эсэргүүцэж, батлахаас татгалзаж байгаагаас болж ийм арга хэмжээ авах шаардлага үүссэн гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн тавдугаар сард гаргасан ирэх оны төсвийн төсөлд экологийн нэлээд хэдэн хөтөлбөр, ядуу иргэдэд туслах, Medicaid шаардлагатай эмнэлгийн тусламжийн төрийн хөтөлбөр зэрэг хэд хэдэн хөтөлбөрийн зардлыг танасан нь Ардчилсан намынханд таалагдаагүй аж.
Цаг бол мөнгө
“Хэрвээ 2017 оны долоодугаар сарын 28-наас өмнө Захиргаа, төсвийн газар конгрессын танхимыг 2018 оны санхүүгийн жилийн тэнцвэржүүлсэн төсвийн төслийг хүлээн авсан гэж батлаагүй тохиолдолд тухайн танхим дахь конгрессын гишүүд цалингаа танхимын төлөөлөгчдөд хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй. Цалинг заагдсан хугацааг дуусах хүртэл хадгална” хэмээн хуулийн төсөлд заажээ.
Конгрессын гишүүд хуулийн төслийг батлахдаа удаашралтай байвал 2020 он гэхэд улстөрчийн цалингүй болно гэсэн санааг бүгд найрамдахчууд гаргасан байна. “Танхимын гишүүн бүр жилд нэг ам.долларын цалин авна” хэмээн Жианфорте тэмдэглэжээ. “ThoughtCo”-ын мэдээлж буйгаар өнгөрсөн онд Америкийн конгрессын гишүүдийн цалин жилийн 174 мянган ам.доллар байжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн үед конгрессын гишүүд ийм бага мөнгөөр Вашингтонд “боломжийн” амьдрахад хүндхэн байна гэж гомдоллодог байсан аж.
Өр нэмэгдэж байна
Конгрессын гишүүн Грег Жианфортегийн энэхүү этгээд хуулийн төсөл нь АНУ-ын өртэй холбоотой. Тус улсын өр байнга өсөж байгаа тул шинэ төсвийг баталж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болоод байгаа гэнэ. Бүгд найрамдах намын гишүүн тэрбээр Трампын санал болгосон төсвийн төсөл тус улсын эдийн засгийг тогтворжуулна гэж үзэж байна.
Гишүүд ийнхүү 2018 оны төсвөө батлахаа хойшлуулж, алгуурлаж байх зуур АНУ өр өссөөр ДНБ-ээ давжээ. “АНУ-ын улсын өрийн хэмжээ 19 их наяд ам.долларт хүрсэн. АНУ сүүлийн 52 жилийн 47-д нь төсвийн алдагдалтай байсан” хэмээн хуулийн төсөлд тэмдэглэсэн аж.
Трампын санал болгосон төсвийн төслийг ойрын хугацаанд батлах ёстой болжээ. Учир нь Америкийн хуулийн дагуу АНУ-ын санхүүгийн жил есдүгээр сарын 30 хүртэл үргэлжилдэг бөгөөд 2018 оны төсөв нь ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэх юм байна. “Төсвийн алдагдал, үндэсний өр төлбөр зэрэг нь манай улсын эдийн засагт итгэх итгэлийг алдагдуулж, эдийн засгийн өсөлт, ажлын байр шинээр бий болгох зэргийг зогсоож, амьдралын түвшнийг бууруулж, америкийн ирээдүй үеийнхний хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж байна” хэмээн төсөлд бичжээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ойрын 10 жилд эдийн засгийн өсөлтөө идэвхжүүлж, 25 сая ажлын байр шинээр бий болгоно гэжээ. Түүнчлэн тэрбээр “эдийн засгийн хөдөлгүүр”-ийг дахин ажиллуулж, хамгийн богино хугацаанд ДНБ-ийг жилд 3.5-4 хувь болгон нэмэгдүүлнэ гэжээ.
Хөдөлмөрийн зах зээл дээрх таагүй уур амьсгал
Трампын засаг захиргаанаас гаргасан төсвийн төсөлд шинээр ажлын байр бий болгох асуудлыг тусгажээ. Тухайлбал, Дотоод аюулгүй байдлын яам 8000 ажилтантай болохоор төлөвлөж байгаа бол цагаачлал, гаалийн албанд 15 мянган ажлын байр шинээр нэмэгдүүлнэ гэжээ.
Гэхдээ конгрессын олон гишүүн одоогийн Ерөнхийлөгчийн бодлогоор тус улсад ажилгүйдлийн түвшин улам нэмэгдэнэ гэж баталж байна. Ялангуяа Трампын АНУ-ыг уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрээс гарах шийдвэр хамгийн ихээр шүүмжлэлд өртжээ. Энэтхэгийн улс төрийн судалгааны төвийн мэдээлснээр Америкийн Ерөнхийлөгчийн шийдвэрээс болж 2040 он гэхэд 6.5 сая ажлын байр үгүй болох юм байна. CNN-ийн материалд дурдсанаар Парисын хэлэлцээрийн ачаар АНУ-д олон хүн ажилтай, орлоготой байгаа гэнэ. Тухайлбал, хийн аж үйлдвэр жил бүр 362 мянган ажлын байраар хангадаг бол нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт 374 мянган хүн ажилладаг. Харин нефть, нүүрс зэрэг уламжлалт салбар руу шилжсэнээр сэргээгдэх болон экологийн цэвэр нөөцийн хөрөнгө оруулалт эрс буурч болзошгүй байна.