Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 220 орны хүчин чадалтай шинэ эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 145 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийн төлөө нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөрөө нэгдсэн эмнэлэг барих ажлаа эхлүүлж байна.
Нэгдсэн эмнэлэг нь 220 орны хүчин чадалтай, 5 давхар, давхар бүр нь 3,000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар төлөвлөжээ. Туслах барилга буюу гадна орчны 500м2 талбайд ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолыг иж бүрэн шийдсэн нийтдээ 12,5 мянган м2 талбай бүхий обьектууд баригдана.
Барилгын ажлыг хоёр үе шаттай зохион байгуулж, 2023 онд ашиглалтад оруулах гэнэ.