Өчигдөр орсон борооны улмаас Яармаг орчмын зам дээр уулын ус бууж, үерийн ус тогтсон байна. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын амны хөндийгөөс их хэмжээний ус авто зам руу урсан оржээ.
Яармагийн замд ус зайлуулах шугам тооцоо, судалгааны дагуу хийгдсэн боловч уулын ус түрж орох, гуу жалга, шуудууг хааж, барилга, байгууламж барьснаас үүдэн усны голдирол өөрчлөгдөн, зам руу хальж орж байгаа нь ийнхүү ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлжээ. Иймээс өчигдөр үүссэн үерийн 160 тонн гаруй усыг гурван автомашинаар соруулан ажиллав. Өнөөдрийн байдлаар үерийн усаар дамжин ус зайлуулах хоолойд орсон хог, шороог цэвэрлэн, зам дээр тогтсон шаврыг зайлуулах ажлыг гүйцэтгэж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав “Улаанбаатар хотын хэмжээнд Геодези, усны барилга, байгууламжийн газрын хариуцдаг 156 км орчим ус зайлуулах суваг, далан бий.
Энэ удаагийн Яармагийн зам дээр үүссэн үерийн ус тус 156 км далан сувгийг сэргээн засварлах, шинээр нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг харууллаа” гэв.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Үер усны далан, шуудууг шинээр хийх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хийхээр төлөвлөж байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлд байнгын бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх тооцооллуудыг гаргаж ажиллана” хэмээлээ.
Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд үерийн далан, шуудуу хааж барилга, байгууламж барихгүй байх, барилгын ажил эхлүүлэхээсээ өмнө үер усны далан, суваг, шуудууг нэн тэргүүнд байгуулж байх шаардлагатайг албаныхан анхаарууллаа.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС