Статистик мэдээллээс харахад, дэлхий дээр амьдарч буй 7.6 тэрбум хүний 4.5 тэрбум хүн интернетэд орох боломжтой бүс нутагт амьдарч 57% -ийнх нь хувьд энэ сүлжээ өдөр тутмынх нь амьдрал болсон. Мөн хоёр хүн тутмын нэг нь утсаа аваад хүссэн газар уруугаа дуудлага хийх боломжтой буюу 5.112 тэрбум гар утас хэрэглэгч байна.
Тухайлбал, уг төхөөрөмжийг амьдралын салшгүй хэсэг болгогчид 67%, сошиал медиаг идэвхтэй ашигладаг хэрэглэгч 3.484 тэрбум, тэдний 45% нь нийгмийн сүлжээтэй “хүйн холбоо”-той мэт байдаг, гар утсаараа энэхүү сүлжээний сувгуудад ордог 3.256 тэрбум хэрэглэгч байдгийн 42% нь үүндээ донтсон гэхэд болно.
Дэлхий даяарх интернэт хэрэглэгчийн тоо 4.388 тэрбум, энэ тоо жилээс жилд 9.1%-иар өсч буй. Харин дэлхийн сошиал медиачдийн тоо 3.484 тэрбум, жил тутам 9%-иар өсөж буй. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 5.112 тэрбум бөгөөд жилд 2%-иар өсөж байна.
(Монгол Улсын хувьд, нийгмийн сүлжээ идэвхитэй хэрэглэгч 2,2 сая иргэн байна. Нийслэлийн иргэдийн 84%, орон нутгийн иргэдийн 77% нь буюу 1 724 767 иргэн фэйсбүүийн идэвхтэй хэрэглэгч. Тэгвэл 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 1,7 сая гаруй хүн нийгмийн сүлжээ ашигладаг ба тэдний 95% нь гар утаснаас холбогддог.
Ухаалаг гар утасны хэрэглээ 80 хувь болж нэмэгдсэн. 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг нийгмийн сүлжээнд зарцуулж, амьдралынх нь 50 хувь сошиал орчинд өрнөж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуучууд болсон нь анхаарал татаж байна).
Дэлхийн олон оронд нийгмийн сүлжээ хэрэглэгчид троллингд өртөх магадлалтай хамгийн “эмзэг газар” болоод зогсохгүй даамжрах тохиолдолд мэдээллийн дайны хохирогчоос оролцогч болж хувирах өндөр эрсдэл байсаар байна. “Мэдээллийн дайны оролцогч” гэдгээр улс төрийн тогтворгүй байдлыг өдөөгч “өнгөт хувьсгал”-ын төдийгүй олон улсын терроризмын таатай хөрс суурь болсон экстремизм, радикалчлалын үзэл санааг тээгч, хэрэгжүүлэгч болж хувирч байгаа юм.
Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн