Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн.
Тухайлбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдээр бүх орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” -тэй болохоор хуульчлав.
Мөн шинэ дугаарт Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолуудыг нийтэлсэн.
Монгол Улсад коронавируст халдварын тархалт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсч, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийх цаг үеийн шаардлага үүссэн тул эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг цаг алдалгүй санхүүжүүлэх замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах болон айл өрхүүдийг орлогын ядууралд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Засгийн газраас төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал дэмжин баталлаа. 2021 оны төсвийн тодотголоор:
-Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
-Ковид-19 халдварт цар тахлын “улаан бүс”-д ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын албан хаагчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоход зориулж 45.6 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
-Ковид-19 халдварт цар тахлын “улаан бүс”-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэн олгох;
-Эмнэлгийн 2000 ор дэлгэх ажлыг тоног төхөөрөмжийн хамт бэлтгэхэд зориулж нийт 121.9 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
-Резидент эмч нарыг дайчлан ажиллуулах цалингийн зардалд 3.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
-Вакцины үр нөлөө болон манай улсад тархсан вирусийн хэлбэрийг судлах судалгаанд 2.4 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
-Ард иргэдэд коронавирусийн талаарх мэдлэг, мэдээлэл олгох, халдвараас урьдчилан сэргийлэх болон халдвар авсан тохиолдолд гэрийн нөхцөлд эмчлэх талаар заавар зөвлөмжийг хүргүүлэхэд 6.6 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
-Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулахад 3.0 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
-Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад 8.0 тэрбум төгрөг, PCR шинжилгээ болон эмийн нөөц бүрдүүлэхэд 61.9 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулах;
-Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх;
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 7 дугаар сарын 1-нээс 100 мянган төгрөгөөр он дуустал үргэжлүүлэн олгоход 576.0 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг он дуустал сар бүр 288.0 мянган төгрөгөөр тооцож үргэлжлүүлэн олгоход 42.9 тэрбум төгрөг нэмж зарцуулах;
-Айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцах болон сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар цаашид хөнгөлөх арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг нэмж тусгах;
-Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмжээг зайлшгүй хэрэгцээ шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах болон цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээлийн ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр, нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн саналыг үндэслэн 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны “Хүндэт донор”-уудыг жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр буюу “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнаж байхаар болсны зэрэгцээ гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсаас Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол тус тус хүртээсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.