НҮБ-ын Хүүхдийн Сангаас манай улсын цар тахлын хариу арга хэмжээнд техникийн болон санхүүгийн тусламж үзүүлж буй. Энэ хүрээнд 100 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 2,000 ширхэг пульс-оксиметр болон нэн шаардлагатай эмүүдийг өнөөдөр хүлээлгэн өгч байна.
Хүчилтөрөгчийн эмчилгээ нь ДЭМБ-ийн удирдамжид орсон стандарт эмчилгээ бөгөөд халдварын өвчлөлийн эсрэг эмчилгээний үеийн хүндрэл, нас баралтыг 2-4 дахин бууруулж байгааг олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүдэд дурьджээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эрүүл мэндийн Ахлах мэргэжилтэн Ч.Батаа “НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн бага болон дунд орлоготой улс орнуудад эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх зорилгоор ACT-A SFF (ACT-A Supplies Financing Facility) хэмээх санг байгуулсан. Тус сангийн дэмжлэгээр өнөөдөр КОВИД-ын эсрэг эмчилгээнд хэрэглэх 850 мянган ам.долларын үнэ бүхий эм, тариа, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэргийг Монголд нийлүүлж байна. Бид мөн инженер техникийн ажилчдыг давтан сургах, бэлэн байдлыг хангахад мөн дэмжлэг үзүүлнэ” хэмээн хэллээ.
ACT-A SFF сан нь хөгжингүй орнуудын хандив тусламжаар санхүүжиж байгаа бөгөөд Канад улс томоохон хэмжээний буюу 182 сая ам.долларын хандив өгөөд байгаа юм. 2021 оны төгсгөл гэхэд НҮБ-ын Хүүхдийн Сан тус санд 2.5 тэрбум ам.доллар босгохоор ажиллаж байна. Канадын улсын хандиваар дээрх тусламжийг Монгол Улсад нийлүүлж байгаа юм байна.
Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, амьсгалын аппарат болон уушги орлуулагч ЕСМО-г өвчтөний биеийн байдлаас шалтгаалан өөр өөр үед хэрэглэдэг.
“Хүчилтөрөгчийн хэрэгцээ бага, хүндэвтэр өвчтөнүүд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хэрэглэдэг. Харин амьсгалын аппарат бол хүчилтөрөгчийн хэрэгцээг 100 хувь хангаж, шаардлагатай тохиолдолд уушгийг орлодгоороо онцлог. Хүний амьсгал зогсвол амьсгалын аппарат нь амьсгалыг зохиомлоор удирдаж, хүчилтөрөгчийн хэрэгцээг хангадаг. Мөн амьсгалын тоо, зүрхний хэмнэлийг хэмждэгээрээ маш ялгаатай” гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлсэн юм.
Харин хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох төхөөрөмж бол ECMO аппарат юм. Амьсгалын дутагдалд орох үед хамрын гуурс, амны маскаар хүчилтөрөгч эмчилгээ хийдэг. Хэрвээ энэ эмчилгээ хийсэн ч амьсгалын дутагдал үүсвэл амьсгалын аппарат холбоно. Дээрх аргууд үр дүнгүй бол ECMO аппаратаар уушги орлуулдаг гэдгийг зүрх судасны эмч Ц.Сумъяа тайлбарлаж байв.
Хүчилтөрөгч яагаад чухал вэ?
Хүчилтөрөгч хүний амьдралд зориулагдсан чухал элемент. Түүнгүйгээр бие организмын эд эсүүдэд ямар ч биохимиийн урвал, процессууд явагдах боломжгүй. Хүчилтөрөгч тэдгээрийг оршин тогтох энергийг өгдөг. Агаарт эзлэх хүчилтөрөгчийн хэмжээ 21% байдаг бөгөөд бид хэвийн амьсгалж, эд эсүүд маань нөхөн төлжиж бие маань эрүүл байна. Харин хүчилтөрөгчийн хэмжээ 21%-с бага болох үед толгой өвдөх, дотор муухайрах, анхаарал сулрах ба байнга хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд байсаар байвал агаар дутагдлын гэх оноштой өвчлөлүүд үүсдэг. Тиймээс хүчилтөрөгчөөр л амьсгалж байгаа үед биеийн эд эсийн нөхөн төлжилт зөв зүйтэй явагдаж өвчний эдгэрэлт түргэсдэг байна.
Эрүүл мэндийн тогтолцооны бүх түвшинд тодруулбал амбулатори, яаралтай тусламжийн тасаг, түргэн тусламжийн машин, мэс заслын болон эрчимт эмчилгээний тасагт хүчилтөрөгч ба пульс-оксиметр шаардлагатай байдаг. Зайлшгүй шаардлагатайн дээр хүчилтөрөгч нь нарийн төвөгтэй бүтээгдэхүүн юм. Хүчилтөрөгч үйлдвэрлэх, тээвэрлэх, өвчтөнүүдэд аюулгүй хүрэхийн тулд бүхэл бүтэн систем ажилладаг.
Ялангуяа уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэдэг КОВИД-19 халдварын үед хүчилтөрөгч зайлшгүй шаардлагатайг дээр тайлбарласан. ДЭМБ-аас КОВИД-19 халдварын хүнд хэлбэрээр өвчилсөн бол 7, нэн хүнд хэлбэрээр өвчилбөл 14 хоногийн хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч буй.
Энэтхэгт халдварын тохиолдол өдөрт 300 мянгыг давж бүртгэгдэж байх үед үүссэн нэгэн томоохон асуудал нь хүчилтөрөгчийг түгээх дэд бүтцийн асуудал байв. Тус улсын албаныхан хүчилтөрөгчийг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэдэг хэмээн мэдээлж байсан боловч түүнийг тээвэрлэн хүргэх нь нэн хүндрэлтэй асуудал болсон. Засгийн газраас нь хүчилтөрөгч тээвэрлэх тусгай галт тэргийг алслагдсан бүс нутгууд руугаа явуулсаар байсан ч хүчилтөрөгчийн дутагдлаар олон хүн нас барсны дараа л уг арга хэмжээг авсан байна. Үүний улмаас аргаа барсан айл өрхүүд хар захаас олон мянган рупигээр хүчилтөрөгчийн баллон худалдан авч байгаагаас гадна баллоноо цэнэглүүлэхийн тулд олон цагаар дараалалд зогсож байв.
Манай улсад өнөөдрийн байдлаар 13,000 мянга орчим хүн КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тэдний 25 орчим хувь буюу дөрөвний нэг нь хүндэвтэр хэлбэрийн эмнэл зүйн оноштой буюу хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын эмчилгээ шаардлагатай ангилалд багтаж байна.
Эрдэмтдийн тооцооллоор эмнэлгийн ачаалал буюу эмнэлэгт болон гэртээ эмчлэгдэх хүний тоо долоодугаар сарын эхэнд оргилдоо хүрч болзошгүйг ЭМЯ-наас мэдээлсэн бөгөөд коронавирусийн халдвараар нэгэн зэрэг өвдөх хүний тоо 40,000-д хүрэх магадлалтай байгаа юм. Тиймээс салбарын яамны зүгээс эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэхээр бэлтгэж буй. Энэ үед НҮБ-ын Хүүхдийн Сангаас нийлүүлж буй хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат чухал дэмжлэг болж байна.