М.ӨНӨРЖАРГАЛ
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны сүүлчээр БНХАУ-д гарсан коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархсан нь улс орнуудын гадаад харилцаа төдийгүй эдийн засаг болон хүн төрөлхтний амьдралыг зогсонги байдалд оруулсан.
Вакцинжуулалтын үр дүнд дэлхийн улс орнууд эхнээсээ амны хаалтаа авч, энгийн амьдралдаа шилжиж эхэлсэн ч коронавирусийн хоёр, гурав дахь давалгаа үүсч, вирус мутацилагдах болсон нь дахин түгшүүрт байдлыг үүсгээд байгаа юм. Манай улсын хувьд хүн амынхаа талаас илүү хувийг вакцинжуулсан бөгөөд одоогоор 12-17 насны өсвөр үеийнхнийг дархлаажуулах ажлыг ид өрнүүлж байгаа юм.
Хэдийгээр вирусийн тархалт буурч байгаа ч нас баралт буурахгүй байгаа нь асуудал болсон хэвээр байна. Тэгвэл дэлхийн улс орнууд “СOVID-19’’ цар тахалтай хэрхэн тэмцэж байна вэ, гаднын улс орнууд иргэдээ дархлаажуулалтад хэрхэн хамруулж байна вэ. Энэ тухайд Монгол Улсаас зарим улс оронд суугаа Элчин сайд нарын өгсөн мэдээллийг багцлан хүргэе.
ВАШИНГТОН ДАХЬ ТҮР ХАМААРАГЧ Я.БОЛД-ЭРДЭНЭ: АНУ-Д ДЕЛЬТА ХУВИЛБАР ЭРЧИМТЭЙ ТАРХАЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЦАХИМААР АЖИЛЛАЖ БАЙНА
-АНУ-д цар тахлын нөхцөл байдал үргэлжилж, өвчлөлийн тоо сүүлийн долоо хоногуудад маш эрчимтэй нэмэгдэж байна. Шинээр бүртгэгдэж буй өвчлөлийн тоо нэгдүгээр сард өдөрт 300 мянгад хүрч байсан. Харин вакцинжуулалтыг эрчимтэй өрнүүлсний дүнд зургаадугаар сар гэхэд энэ тоо өдөрт дунджаар 10 мянга болтлоо буурсан. Гэвч энэ сар гарснаас хойш дахиад эрчимтэй өсч байна. Энэ нь дельта вирусийн тархалттай холбоотой. Энэ сарын 23-ны байдлаар өдөртөө 70 мянга орчим хүн халдвар авсан.
Энэ үзүүлэлтийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 65 хувиар, хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байна. АНУ хүн амаа вакцинжуулалтад эрчимтэй хамруулж байна. Тус улсад “Модерна”, “Файзер”, “Жонсон энд Жонсон” гэдэг гурван вакциныг хийж байгаа. Вакцинжуулалтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн.
Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд вакцинжуулалтын хүрэлцээ ч нэмэгдсэн, иргэдийн вакцинд хамрагдах байдал ч оргилдоо хүрсэн. Энэ үед бол өдөртөө 3,4 сая тунг хүмүүст тарьж байсан. Энэ нь хүн амын нэг хувь гэсэн үг. Одоогийн байдлаар 330 сая хүн амын 187 сая хүн вакциныхаа эхний тунг хийлгэсэн. 162.4 сая хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 68 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан үзүүлэлттэй байна.
Одоогийн байдлаар ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 97 хувь, нас барж байгаа хүмүүсийн 99.5 хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байна гэсэн мэдээллийг АНУ-ын ерөнхий эмч өгсөн. Харин дельта вирусийн тархалт, түүний эсрэг арга хэмжээний тухайд АНУ-ын орон нутаг бүх газарт эрчимтэй тархаж байна. Энэ сарын 3-ны байдлаар энэ улсад илэрч байсан коронавирусийн 50 хувь нь дельта хувилбар байсан бол өчигдрийн байдлаар 83 хувь болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дельта вирус эрчимтэй явж байгаатай холбоотойгоор тус улсын өндөр албан тушаалтнууд халдвар хамгаалал, хязгаарлалтын дэглэмийг сэргээх шаардлага гарч болзошгүй гэдэг мэдээлэл, яриа хэлэлцээ хийж байгаа тухай ярьж байна.
Цар тахал болон ялангуяа дельта хувилбартай холбоотойгоор вакцинд хамрагдаагүй хүмүүс илүү хүчтэй тусч байгаа учраас ард иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг мэдээллийн бүх шатанд идэвхтэй түгээж байна. Дельта хувилбар газар авч байгаатай холбоотойгоор зарим Засаг захиргааны нэгж өөрийн бие даасан хязгаарлалтын горимыг зөвлөмж болгож байна.
Төрийн байгууллагуудын хувьд олон нийтэд өгч байгаа үйлчилгээгээ зөвхөн цахим шуудангаар явуулж байна. Ажилтнуудын хувьд зайлшгүй шаардлагатай хүмүүс ажиллаж, ихэнх нь гэрээсээ ажиллаж байна.
Тухайлбал, төрийн Департментын хувьд энэ оныг дуустал гаднын Дипломат төлөөлөгчийн газрын хүмүүсийг хүртэл оролцуулаад, биечлэн хүлээж авахгүй гэдэг зохицуулалттай ажиллаж байгаа. Төрийн байгууллагуудыг ирэх есдүгээр сар гэхэд нээх болов уу гэсэн таамагтай байна. Гэвч дельта хувилбарын тархалттай холбоотойгоор энэ нөхцөл байдалд тоймтой ахиц гарахгүй байж магадгүй нөхцөл байдалтай байна.
ВЕНА ДАХЬ ЭЛЧИН САЙД Г.БАТТУНГАЛАГ: АВСТРИ УЛС ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ШААРДЛАГЫГ УЛАМ ЧАНГАРУУЛЖ ЭХЭЛСЭН
-“COVID-19” цар тахлын тархалт дэлхийн улс орон бүрт тулгамдсан, сэтгэл түгшээсэн асуудал хэвээрээ байна. Өнөөдрийн байдлаар Австри улсад ковидын батлагдсан тохиолдол 650 мянга гаруй бүртгэгдээд байна. Түүнээс 10731 иргэн нас барсан, 640 гаруй мянга нь эдгэрсэн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар вакцинжуулалтын эхний тун хийлгэсэн хувь 58.7 хувьтай, хоёр дахь тун 47.8 хувьтай. Энэ нь мэдээж хангалтгүй.
Үүнийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас хичээж олон төряийн арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн хугацаанд цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор Австри улс гурван удаа хөл хорио тогтоож, хөдөлгөөний хатуу хязгаарлалтын арга хэмжээг авч ирсэн. Сүүлчийн хязгаарлалтыг тавдугаар сарын 7-ны өдрөөс сулруулж зөөллөсөн. Тухайлбал, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх, зочид буудал, соёл урлаг спортын арга хэмжээ зэргийг зохион байгуулах боломжтой болсон.
Гэхдээ үйлчилгээний газар буюу битүү орчинд FFB-2 гэсэн амны хаалтыг хэрэглэх, мөн ЗG дүрмийг мөрдөж эхэлсэн. ЗG дүрэм нь халдвараар өвдөөд эдгэрсэн, антиген буюу писи-ар тест, вакцинжуулалтад хамрагдсан байх гэсэн гурван шаардлагыг тавьж байна. Халдварыг бууруулахад чиглэсэн олон төрлийн арга хэмжээг авсны дүнд энэ үзүүлэлт тавдугаар сарын эхний долоо хоногт 1537 болж буурсан.
Зургаадугаар сарын 24-ны байдлаар батлагдсан тохиолдлын тоо өдөрт 77 болж буурсан үр дүн гарч байсан. Гэтэл хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулснаас хойш хоёр сарын дараа буюу энэ сарын 23-ны байдлаар өдөрт бүртгэгдэж байгаа дундаж тоо 409 болж, огцом өсч байна. Үүнийг дельта вариантын тархалттай холбоотой гэсэн судалгаа мэдээллийг ЭМЯ- наас өгч байгаа.
Халдварын өвчлөлийн 60 гаруй хувь нь дельта вариант гэж бүртгэгдсэн. Энэ нь 90 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж Эрүүл мэндийн сайд нь мэдэгдэж байгаа. Өмнө нь вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 14 хоногийн дараа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх боломжтой байсан.
Үүнийг өөрчлөөд, улам шаардлагаа чангаруулж вакцинжуулалтын хоёр дахь тун заавал хийлгэсэн байх, хоёр дахь тун хийлгэснээс хойш 14 хоносон байх гэсэн шаардлагыг энэ сарын сүүлчээс тавьж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтын хувьд тавигдах шаардлага, үйлчилгээний байгууллагаар үйлчүүлэх, зорчих хөдөлгөөнд оролцох шаардлага улам чангарч, өндөрсөж байна гэсэн үг.
Энэ үүднээс PCR тестийн шаардлага тавьж байгаа учраас Засгийн газраас PCR тестийг ард иргэддээ үнэ төлбөргүй хийхийг орон нутгийн захиргаанаас авч эхлүүлээд байна. Үндсэндээ энэ сарын сүүлчээс иргэд PCR тестийг аптекаараа, өрхийн эмчээрээ дамжуулан үнэ төлбөргүй хийлгэх боломж бүрдэх гэж байна.
Өөр нэг арга хэмжээ нь дельта вариант болон бусад вариант бүртгэгдсэн улс орнуудаас зорчиж ирэх иргэдэд тавигдах шаардлагыг өндөрсгөж, ирснээс хойш өөрийгөө 10 хоног тусгаарлах шаардлага тавьж байна.
ШИНЭ ДЕЛИ ДЭХ ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД: ЭНЭТХЭГ УЛС 510 ДАХЬ ХОНОГТОО ХӨЛ ХОРИОНД БАЙНА
-Энэтхэг улсад коронавирусийн тархалтын улмаас өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд нийтийн хөл хорио зарласан. Өнөөдрийн байдлаар 510 дахь хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэхэд халдвар авсан хүний тоо хоногт 423 мянгад хүрч байсан. Өнөөдрийн байдлаар 35 мянга орчим байна. Өвчний гаралт ингэж буурч байгаа учраас Дели хотод болон бусад хотод хөл хориог хэсэгчилсэн байдлаар сулруулсан.
Энэ сарын 23-ны байдлаар 459.9 сая хүний тунгаар 333,.9 сая хүнийг дархлаажуулсан байна. Шинэ Дели хот 20 гаруй сая хүнтэй. Энэ хотод цар тахлын улмаас сүүлийн нэг хоногт нэг хүн нас барсан. Шинээр өвчилсөн тохиолдол 50 орчим байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 408 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт эмчлүүлэгсдийн тоо сүүлийн 10 хоногт 25 мянгаар буурсан дүн мэдээтэй байгаа. Бүх шатны сургуулиуд, үйлчилгээ, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг хаасан байсан. Одоогийн байдлаар хэсэгчилж нээгээд, олон хүн оролцсон арга хэмжээг хориглосон хэвээр байна. Төрийн байгууллагууд нь хөл хорионы үед цөөн хүнээр ажиллаж байсан.
Өнгөрсөн зургаадугаар сарын 31-нээс эхлээд яам газрууд нь бүрэн орон тоогоороо ажиллаж эхэлсэн. Нэгдүгээр сарын 16-ны байдлаар тус улсад эмч эмнэлгийн ажилчид, хууль сахиулахын ажилтнуудыг вакцинд хамруулж эхэлсэн. Гуравдугаар сарын 1-нээс эхлээд 60-аас дээш настнуудыг болон хавсарсан оноштой иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Тавдугаар сарын 1-нээс хамрах хүрээг нэмэгдүүлж 45-аас дээш насныхныг вакцинд хамруулж эхэлсэн.
Гэхдээ вакцины олдоц хүрэлцээ муудсан, зах зээлд нийлүүлж байгаа вакцины 75 хувийг төр, Засгийн газар нь хуваарилах, үлдсэн 25 хувийг хувийн эмнэлгүүд зах зээл дээрээс олж авах ийм журамд шилжээд байгаа. Тус улс дотооддоо хоёр төрлийн вакцин үйлдвэрлэж байна. Дээрээс нь ОХУ-аас “Спутник V”-ийг импортоор авч эхэлсэн. “Жонсон”, “Файзер”, “Модерно” вакцинуудыг “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авч эхэлснээр вакцинд хамрагдсан хүний тоо 5.5 саяар нэмэгдсэн.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн альфа, гамма, бэтта, дельта гэсэн дөрвөн хувилбар 12 мужид илэрсэн. Хамгийн олон тохиолдол нь олон хүнтэй Махарашта, Бомбей мужид илэрсэн. Энэ нь далайн тээвэр зам харилцаатай холбоотой гэж дүгнэж байна.
СӨҮЛ ДЭХ ЭЛЧИН САЙД Н.ЭРДЭНЭТУЯА: БНСУ ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САР ГЭХЭД НИЙТ ХҮН АМЫНХАА 70 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛЖ, СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТООНО ГЭЖ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-БНСУ-д энэ сарын 25-ны байдлаар нийтдээ 1400 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 19 дэх өдрөө нийтдээ улс орон даяар 1000-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Солонгосын Засгийн газар, Хорио цээрийн албанаас дельта вирусээс эрчимжсэн дөрөв дэх удаагийн давалгаа эхэлсэн гэдгийг албан ёсоор зарласан.
Үүний дагуу хорио цээрийн арга хэмжээг чангатгаж, хөл хориотой дүйцэхүйц хамгийн дээд төвшний арга хэмжээг зургаадугаар сарын сүүлчээс авсан. Энэ арга хэмжээг ирэх наймдугаар сарын 8 хүртэл сунгаад байна.
Цар тахлын дөрөв дэх давалгаа Сөүл хотод төвлөрсөн маягтайгаар залгаа Гёнге муж Инчион хот болон томоохон хотуудад хурдацтай тархаж, нэг сарын дотор халдварын тохиолдлын тоо гурав дахин нэмэгдээд байна. Солонгосын УОК-ын мэдээлж байгаагаар энэ сарын 2-9-ны хооронд батлагдсан тохиолдлын 45.1 хувь нь өмнөх батлагдсан хүнээс халдвар авсан тохиолдол ихэнхийг эзэлж байна.
Мөн нийт батлагдсан тохиолдлын бараг тал хувь нь гэр ахуйн болон найз нөхөд хоорондын цугларалт, хамт ажиллаж байгаа хүмүүс, мөн саун гуанз, ресторан дамжаа сургууль гэсэн ахуйн болон ажил төрлийн орчноос хамгийн их халдвар тархаж байна гэж үзэж байна. Мөн хэзээ, хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа иргэдийн тоо өнгөрсөн сард 24 хувь байсан бол энэ сард 30.8 хувь болж нэмэгдэж байна.
Хүн амын вакцинжуулалт Солонгост нэлээн эрчимтэй явагдаж байна. Солонгос улс вакцинжуулалтыг харьцангуй орой эхэлсэн. Вакцинжуулалтын төлөвлөгөө ёсоор гуравдугаар сар гэхэд вакцинжуулалт эхлээд хамгийн эмзэг хэсэг, төрийн болон онцгойгийн алба хаагчид эмч ажилтнууд гэсэн дараалалтайгаар үргэлжилж байна.
Мөн ирэх сард дунд сургуулийн багш нарыг вакцинжуулахаар төлөвлөсөн. Есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхэлнэ, ЭЕШ болдог. ЭЕШ-тай холбоотойгоор наймдугаар сардаа багтааж ахлах сургуулийн сурагчдыг вакцинжуулахаар төлөвлөсөн. Ер нь Солонгос төлөвлөгөөний дагуу арваннэгдүгээр сард нийт хүн амынхаа 70 хувьд вакцин хийж, сүргийн дархлаа тогтооно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
ТОКИО ДАХЬ ЭЛЧИН САЙД Д.БАТЖАРГАЛ: ЯПОН УЛС ХҮН АМЫНХАА 35 ХУВИЙГ ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНД ХАМРУУЛААД БАЙНА
-Япон улсад энэ сарын 23-ны байдлаар нийтдээ шинээр 4225 халдварын шинэ тохиолдол илэрсэн, найман иргэн нас барсан байна. Халдварын нийт тохиолдол 862855 хүн халдвар аваад байгаа юм байна. Нас барсан хүний тоо 15129, халдварын тоо Токио хотод хамгийн өндөр, нэг өдөрт гарсан халдварын тоо 1359 гараад байна.
Вакцинжуулалтын хувьд авч үзвэл Япон улс нийт хүн амынхаа 35 хувийг эхнийхээ тунд бүрэн хамруулаад байна. Хоёр дахь тунд нийт хүн амынх нь 23.1 хувь нь хамрагдсан байдалтай байна. Дельта вирустай тэмцэж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд хилийн хоригийг 159 улсад тогтоосон байдалтай байна.
Мөн халдварын дэгдэлт маш өндөр байгаа Энэтхэг, Шри-ланк зэрэг улсаас ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлах байранд заавал тусгаарлаж, гурван удаагийн ПСР шинжилгээ авсны үндсэн дээр хилээр оруулж байгаа байдалтай байна. Токио хотод наймдугаар сарын 22-ныг хүртэл онц байдал тогтоосон. Онц байдлыг тогтоохдоо олон хүн цуглуулахгүй байх үүднээс уушийн газар архи зарахыг хориглосон байдалтай үргэлжлээд явж байна.
МОСКВА ДАХЬ ЭЛЧИН САЙД Д.ДАВАА: ОРОСТ ГУРАВДУГААР ДАВАЛГАА ЭХЭЛСНИЙГ ДЕЛЬТА ВИРУСТЭЙ ХОЛБОН ТАЙЛБАРЛАЖ БАЙНА
-ОХУ-д өнгөрсөн хугацаанд нийтдээ 6.1 сая хүн вирусээр өвчлөөд байна. Эдгэрсэн хүний тоо 5.6 сая болсон. Энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 103 мянгад хүрсэн. Вакцинжуулалтын хувь хэмжээний талаар олон төрлийн мэдээлэл байгаа. ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр вакцинжуулалтын хувь 24-25 хувьд хүрсэн гэж байгаа.
Ялангуяа сүүлийн өдрүүдэд нэлээд эрчимжсэн. Өдөрт аль нэг тунг хийлгэж байгаа хүмүүсийн тоо үндсэндээ 500 мянгад хүрч байна. 500 мянга гэдэг 10 хоногт үндсэндээ таван сая, сард 15 сая болно. Өвдсөн болон вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо нийт насанд хүрэгсдийн 80 хувьд нь сүргийн дархлаа тогтоно, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэвийн амьдралын горимд шилжих бололцоо бүрдэнэ гэсэн байдлаар ажиллаж байгаа.
Орост гуравдугаар давалгаа эхэлснийг дельта вирус эхэлсэнтэй холбож тайлбарлаж байгаа. Дельта вирус байна гэж үзэж байгаа. Үүнийг вирус судлаачид тархалтын хувьд хурдан, нууц, далд үе богинохон явагдаж, хүндрэлийн үе нь өмнөх вирустэй адил төстэй байна, илүү хоруу чанар мэдрэгдэхгүй байна гэж үзэж байгаа.