Эхийнхээ хэвлийд нярай эндэх тохиолдол нэмэгдэж буй талаар бид өмнөх дугаартаа хөндсөн. Үүний шалтгаан юу болох, урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийх хэрэгтэй талаар нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Ш.Цэрэнсамбуутай ярилцлаа.
-Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт ихсэж байна. Үүний гол шалтгаан нь халдварт өвчин гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нэг байна. Сүүлийн жилүүдэд өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт эрс нэмэгдсэн. Манай амаржих газрын Нөхөн үржихүйн кабинетад нэг өдөрт хийж буй үр хөндөлтөөс, ураг нь өсөлтгүй болж мэс ажилбар хийлгэж байгаа эмэгтэйчүүд олон боллоо.
Мөн амьгүй төрөлт буюу тодорхой шалтгаангүйгээр ураг хэвлийдээ амьгүй болох эмгэг ихсэж байгаа. Өсөлтгүй жирэмслэлтэд нөлөөлдөг олон хүчин зүйл бий.
Үүний тэргүүлэх шалтгаан нь хромосомын буюу удамшлын эмгэг, хоёрдугаарт шээс, бэлгийн замын халдварууд (хламид, микоплазм, уреаплазм), гуравдугаарт аутоиммунный өвчин буюу өөрийн шалтгаант дархлааны системийн хямрал, эцэг, эхийн дархлааны үл тохироо, дөрөвдүгээрт дотоод шүүрлийн эмгэгүүд чихрийн шижин, бамбайн дутагдал, өндгөвчний үйл ажилгааны хямрал дутагдал, мөн дотор бэлэг эрхтний нянгийн гаралтай үрэвсэлт өвчнүүд, өндгөвч умайн үрэвсэл, эндометриоз, цус бүлэгнүүлэх системийн алдагдал зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.
Дээрх шалтгаанууд нь жирэмсний эрт үед ураг өсөлтгүй болоход нөлөөлдөг бол хожуу буюу төрөх дөхсөн үед ураг амьгүй болохын үндсэн шалтгаан нь мөн л халдвар. Сүрьеэ, тэмбүү, улаанууд, улаанбурхан, томуугийн вирус болон TORCH халдвар (энэ нь токсоплазм, бусад, улаанууд, цитомегаловирус, херпис вирусийн халдвар), архи, тамхи, мансуурах дон, янз бүрийн эмийн хэрэглээ (тураах болон галбиржуулах, хүнсний нэмэлт, химийн гаралтай бүтээгдэхүүн) мөн эрхтэн тогтолцооны өвчинд суурилсан жирэмсний хожуу хордлого, ихсийн дутмагшил зэрэг нь нөлөөлдөг.
-Эмэгтэйчүүдийн дунд халдварт ямар өвчин зонхилж байна вэ?
-Хамгийн элбэг тохиолддог нь шээс, бөөрний болон бэлгийн замын халдвар. Эрс тэс уур амьсгалтай манай оронд бөөр, шээсний замын нянгийн гаралтай үрэвсэл элбэг.
Мөн заг хүйтэн, хламид, трихомонадын халдвар буурахгүй, тэмбүү нэмэгдэж байна. Түүнчлэн манай улс антибиотикийн хамгийн замбараагүй хэрэглээтэй орон болсон.
-Ургийн гажиг нэмэгдэж байгаа гэсэн. Шалтгаан нөхцөл нь юу байна. Жилд ийм гажигтай хэчнээн хүүхэд төрж байна вэ?
-Ургийн гажгийг ерөнхийд нь олдмол болон төрөлхийн гэж ангилдаг. Хамгийн элбэг тохиолддог эмгэг нь 21 дүгээр хромосомын гурвал буюу Дауны эмгэг. Энэ эмгэгийн оношилгоог өргөн хүрээгээр байтугай, зорилтот бүлэгтээ хүртэл бүрэн хийж чаддаггүй.
Удамшил, генетикийн хүчин зүйл үүнд нөлөөлж буй ч бидний амьдарч байгаа орчин, агаар, хоол хүнс, эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс их шалтгаалдаг. Хүн амьдрахад зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин илүү нүүрс, азотын дутуу исэл, хүнцлийн өндөр агууламжтай агаараар бид амьсгалж, химийн гаралтай болон генетикийн өөрчлөлттэй хүнс хэрэглэж байна шүү дээ.
-Жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдээ эрүүл саруул, хэвийн бойжиж байна уу гэдэгт байнга санаа зовдог.
Жирэмсний таван сартайдаа өнгөт ЭХО-д харуулахаас өөрөөр ураг төрөлхийн гажигтай, эсэхийг мэдэх боломжтой юу?
-Миний хүүхэд эрүүл саруул, эрхтэн тогтолцооны ямар нэг гажиггүй байгаа болов уу, би ер нь яаж төрөх бол, төрөх нь хэр аюултай вэ гэдэгт эмэгтэйчүүд байнга санаа зовдог. Эдийн засаг, нийгэм нь хурдацтай хөгжиж буй улсууд энэ асуудлыг маш системтэй, тодорхой бодлого, зохион байгуулалттайгаар шийджээ.
Эх нялхсын асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдэж буй улсад жирэмслэлт, төрөлтийн эмгэг, хүндрэл, эмэгтэйчүүдийн өвчлөл, үргүйдэл, эх, нярайн эндэгдэл, өвчлөл, эмгэг, гажиг ураг төрөлт багасаж байна. Хоёр хөршөөсөө жишээ авахад 2000 оноос эхлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нийгэм, эрүүл мэндийн шинжтэй олон арга хэмжээ авсны нэг нь томоохон хотууд болон бүх муж хязгаартаа Перинаталогийн төв барьж мэргэжлийн боловсон хүчнээр ханган, хүүхдүүдэд 250.000 рублийн тэтгэмж олгодог болсон явдал.
БНХАУ-ын эх нялхас, эрүүл төрөлт, эх, нярайн эндэгдэл, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд нь Азийн эдийн засгийн өндөр хөгжилтэй бусад улс орны түвшинд хүрсэн. Иймд манай улсад эх нялхас, төрөлтийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай боллоо. Манай улс жилд 70-80 гаруй мянган шинэ хүн хүлээн авч байна.
Бусад улстай харьцуулахад энэ нь өчүүхэн тоо ч гурван сая хүндээ тооцоход өсөж буй үзүүлэлт. Гэхдээ бидэнд хүн ам нэмэгдэхээс илүү, амьдралын чанартай, эрүүл иргэд төрөх нь амин чухал асуудал болоод байна. Жирэмсний таван сартай буюу 20 долоо хоногтойдоо удамшлын гажгийн үзлэгт ордог нь Перинаталогийн төвийн хэт авиан буюу эхо шинжилгээний скрининг үзлэгийн зөвхөн нэг хэсэг.
Өөрөөр хэлбэл, эрүүл хүүхэд төрүүлнэ гэдэг гэр бүлийн эрүүл мэнд, судалгаа, бүрэн цогц шинжилгээ хийх, эмэгтэйчүүд, ураг, нярайн оношилгооны төв барих зэрэг олон зүйлтэй холбоотой.
-Ургийн гажиг болон бусад эмгэгээс сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Мэдээж удамшил, хувь хүний онцлог, биологи, физиологийн байдал, нийгэм, эдийн засгийн түвшин нөлөөлнө. Товчоор хэлбэл эрүүл амьдар, нөхөн үржихүйн зөв мэдлэг боловсролтой бол гэмээр байна.
-Ураг нярайн оношилгооны төв буюу Перинаталогийн төв байгуулахын давуу тал юу вэ?
-Ийм төвтэй болсноор эх, нярайн эмгэг, өвчин, эндэгдэл, жирэмсний хүндрэл, амьгүй төрөлт, өсөлтгүй жирэмслэлт эрс буурна. Засгийн газрын ажлын үндсэн нэг үзүүлэлт нь эхийн эндэгдэл, нярайн өвчлөлийг бууруулах. “Энэ орны ирээдүйг хэлье гэвэл нэг хүүхдийг нь харахад болно” гэж нэгэн мэргэн хүн хэлсэн гэдэг.
-Перинаталогийн төвд ямар шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийдэг юм бэ?
-Ийм төв нь амаржих газраас ялгаатай. III шатлалын эмнэлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах, нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, оношилгоо, эмчилгээний цогц үйлчилгээтэй, үндэсний шилдэг мэргэжилтнүүд ажилладаг, техник, тоног төхөөрөмжийн хувьд бүрэн хангагдсан байх юм.
Би ОХУ-д Иркутск хотын Перинаталогийн төвд хоёр жил аспирантурт сурч, цол хамгаалсан. Тус төвд хамгийн өндөр эрсдэлтэй жирэмсэн эхчүүдийг хянаж, төрөхөд нь тусламж үзүүлдэг. Мөн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн хэсэг, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо эмчилгээний тасаг, эмбриологч, генетикч эмч үргүйдлийн шалтгааныг тогтоох, эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эхчүүдийг хянаж, эмчлэх, мөн удамшлын болон олдмол гажиг эмгэгтэй төрсөн хүүхдүүдэд тусламж үзүүлэх хүүхдийн мэс заслын тасаг, бага жинтэй болон дутуу төрсөн хүүхдийн эмчилгээний тасаг, хамгийн гол нь перинаталог эмгэгийн оношилгооны төв байдаг.
Жишээ нь үргүй гэр бүл байлаа гэхэд бүх шинжилгээгээ энэ төвд өгч, шалтгаанаа тодруулж бас эмчлүүлэх юм.
-Хэрэв ийм төвтэй болбол ажиллах боловсон хүчин бий юү?
-Ажиллах боловсон хүчнийг системтэй бэлтгэж болно. Одоо ажиллаж буй эмч нарыг зургаан сараас 1.2 жил сургахад мэргэжлийн боловсон хүчинтэй болно. Удахгүй Улаан-Үдэд ийм төв нээх гэж байна.
-TORCH халдварын шинжилгээний өртөг нэлээд өндөр учраас жирэмслэхээр төлөвлөж буй болон жирэмсэн бүх эмэгтэй энэ шинжилгээг өгөх боломжгүй. Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх боломж бий болов уу?
-Манай улсын эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого нь нарийн мэргэшсэн тусламжийг ард иргэдэд жигд, хүртээмжтэй, эдийн засгийн дарамт багатайгаар үзүүлэх. Цаашдаа жирэмслэлт, төрөлтийн өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлагатай.
Эхний ээлжинд зорилтот бүлэг, байнга дутуу төрдөг, зулбадаг, өсөлтгүй жирэмслэлт болсон, үргүйдлийн оношилгоо, эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэр бүл, цаашлаад бэлгийн замын халдвартай, нийгмийн дундаас доош орлоготой хэсэг, сүрьеэ, тэмбүүгээр өвчилсөн эмэгтэйчүүдээ бүрэн хамруулж, эмчлэх нь чухал байна.
-IV төрөх эмнэлгийг ирэх оноос ашиглалтад оруулахаар ярьж байна. Тэгэхээр бусад төрөх эмнэлгийн ачаалал буурах болов уу. Танай амаржих газар жилд хэдэн эмэгтэйд тусламж үзүүлдэг вэ?
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, IV төрөх, Түлэнхийн төв, дүүргүүдийн төрөлжсөн эмнэлгүүд гээд царцсан барилгуудыг барьж эхэллээ.
Хэрэв IV төрөх эмнэлэг ашиглалтад орчихвол манай “Өргөө” амаржих газар Улаанбаатар хотын Ураг нярайн оношилгооны төв болох бүрэн боломжтой. Манай эмнэлэгт жилд 15-16 мянган хүн төрж, давхардсан тоогоор 30 гаруй мянган хүнд эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмчилгээ, үйлчилгээний тусламж үзүүлж байна.
-Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээнд ямар тулгамдсан асуудал байна?
-Эхийн эндэгдлийг бууруулах, түүний шалтгаан нөхцөлийг тодруулах, урьдчилан сэргийлэх мөн нярайн халдвар, өвчлөл, эндэгдэл гаргахгүй байх, халдвар хамгааллын дэглэм сайн баримтлах нь бидний хамгийн чухал зорилт.
Бид эхийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтот хөтөлбөртөө хүрч чадсан. Гэвч сүүлийн жилүүдэд ховор тохиолдох ноцтой эмгэг болох үжил халдвараас болж эх эндсээр байна.
1 comment
fast loans in 1 hour
loans online
montel williams payday loan