Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон дүүргийн удирдлагууд, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцсон юм. Энэ үеэр коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэлэлцлээ. Тэрбээр нөхцөл байдал хүнд байгааг хэлээд, эмнэлэгт 6585, гэрээр 23684, тусгаарлах байранд 481 иргэн эмчлүүлж байгааг танилцуулав. Мөн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгааг хэлсэн юм. Үндсэн болон коронавирусийн эмчилгээ, үйлчилгээнд ажиллаж байгаа эмч, ажилтнууд туйлдах, халдвар авах, ажлаасаа халшрах, гарах болсон байна. Иймд эмнэлгийн ажилтнуудыг ээлж дараагаар амраах, хүний нөөцөө сэлбэх шаардлагатай байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлж байлаа.
Түүнчлэн ойрын өдрүүдэд бороо хур их орж байгаа. Иймээс үер, усны аюулаас сэргийлэх талаар анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд анхаарууллаа. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан завьт эргүүлийнхэн өдөр тутам үүрэг гүйцэтгэж, зургаан хүний амь авраад байгааг хэлэв. Мөн бороо их орж байгаатай холбоотойгоор Туул голын усны түвшин олон жилийн дунджаас 10 см-ээр нэмэгдсэн тул иргэдийг үер, усны аюулаас болгоомжлохыг сануулсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС