Дэлхий дээр 200 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаж, хэдэн мянган хүн нас барсан энэ хүнд өдрүүдэд хүний хувь заяа гэдэг хэдэн цифрээр илэрхийлэгддэг зүйл болжээ. Энэ үед амьдрал, хайр дурлалын үнэ цэнийг харуулсан 3 түүх орчуулан хүргэе.
Түүх №1. Ажил мэргэжилдээ үнэнч зүтгэснийхээ төлөө амиа өгсөн эмч
Ухань хотын Ся Сысы хэмээх бүсгүй эмч нарын гэр бүлд төрж, нас биед хүрмэгцээ эцэг эхийн замналаар цагаан халат нөмөрсөн дагина болохоор шийджээ. Анагаахын сургуульд сурч байхдаа нөхөн Ву овогттойгоо танилцаж, гэрлэсэн байна.
Таван жилийн өмнө 24 настай Сысы Ухань хотын нэгэн эмнэлэгт гастроэнтерологич эмчээр ажилд оржээ. Байнга л инээмсэглэж, эелдэг зөөлөн ханддаг энэ эмч бүсгүйг ажлынхан нь “Бяцхан өхөөрдөм эмч” хэмээх дууддаг байсан нь тасагтаа хамгийн залуу байсантай нь холбоотой.
Нэгдүгээр сард ажлын нэгэн өдөр Ся шөнийн ээлжээ дуусгаад гэртээ харих гэтэл хамгийн сүүлчийн өвчтөн болохоор 76 настай, коронавирусийн халдварын сэжигтэй эрэгтэйг үзэж өгөхийг гуйжээ. Тав хоногийн дараа Сысыгийн халуун нэмэгдэж, биеийн байдал нь муудав. Хамт олон нь түүнийг COVID-19 халдвартай болохыг оношилжээ. Бүсгүйг тусгаарлах хайрцагт хийж, уушгийг нь агааржуулах аппаратад холбов. Сягийн биеийн байдал алгуурхан сайжирч байсан ч гэр бүлээ цаашид яах вэ гэдэгт санаа зовж эхэлжээ. Тэрбээр эцэг эх рүүгээ мессэж бичиж, ямар нэгэн зүйл тохиолдвол хоёр настай хүүг нь асарч үлдээгээрэй гэж гуйсан байна. Ээж нь ч “Энэ бол чиний хүү. Чи өөрөө өсгөхийг хүсэхгүй байна уу” хэмээн учирлажээ.
Хэд хоногийн дараа халуун буурч, Сягийн бие дээрдэхэд хамт олон, нөхөртөө удахгүй эмнэлгээс гарна гэж бичиж байв. Шинжилгээгээр хоёр ч удаа коронавирусийн халдвар сөрөг гарсан бөгөөд бүсгүй ойрын хугацаанд гэртээ харина гэж бодож байжээ.
Гэтэл өвчин эхэлснээс хойш гурван долоо хоногийн дараа Сягийн биеийн байдал огцом муудаж, зүрх нь зогсов. Сэхээн амьдруулах тасгийн эмч нар түүний зүрхийг дэмжих боломжтой бүхнийг хийж байсан ч тархи нь хүчилтөрөгчийн дутагдлын улмаас ажиллахаа больжээ. Эмэгтэйн бөөр ажиллагаагүй болж, комд орж, 17 хоногийн дараа нас баржээ. Эмч нар яагаад ийм явдал болсныг одоо ч ойлгохгүй байна. Магадгүй түүний дархлаа сул, эсвэл үл үзэгдэх шалтгаан байсан байж болзошгүй.
Ся эмчийг нас барсны дараа хамт олон нь түүний ширээн дээр мянган цаасан тогоруу хийж тавьжээ. Эдгээр тогоруу дээрээ “Тайван нойрс доо. Бид энэ халдварыг ялан дийлэхийн төлөө амьдрах болно” гэж бичжээ.
Вугийн хувьд анхны бөгөөд цорын ганц хайр нь байсан болохоор бүхий л насаа Сятай хамт өнгөрөөнө гэж боддог байжээ. Сысыгийн бяцхан хүү эхийгээ нас барсныг мэдэхгүй, ажил дээрээ байгаа гэж бодож, утас дуугарах тоолонд “Ээж ярьж байгаа” гэж хашхирдаг гэнэ. “Би түүндээ маш их хайртай байсан. Тэр маань одоо үгүй. Би цаашид юу хийхээ ч мэдэхгүй байна” хэмээн нөхөр нь ярьжээ.
Түүх №2. Хагас зуун жил хамтдаа амьдарч, нэг өдөр нас эцэслэжээ
82 настай Севера Белотти, 86 настай нөхөр Луижи Карра нар 60 жил хамт амьдарчээ. Луижи тэтгэвэрт гарахаасаа өмнө уурхайчнаар ажиллаж, эхнэр нь насаараа гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэжээ.
Огт өвчин хэлдэггүй тэднийг хүү Лука Каррара нь дүгнэхдээ эцэг нь нас дээр гарсан ч эмнэлэгт үзүүлж байгаагүй нэгэн гэжээ.
Италид коронавирусийнхалдвар дэгдэж эхлэх үед Севера, Луижи нар мөн л халдвар авчээ. Тэдний халуун нэмэгдэж, эмч дуудах гэж үзсэн байна. Гэвч Бергамо мужид вирус хүчээ аваад байсан, эмнэлэг дүүрсэн, эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй үе байсан тул тэдэн дээр хэн ч ирээгүй аж.
“Эмч нар өвчтөнүүдээ хаана байлгах вэ гэдгээ ч мэдэхгүй аймшигтай үе. Магадгүй тэд залуу, настай хүмүүсийнхээ алийг нь аврах вэ гэдэг үе байснаас болсон биз” хэмээн хүү Лука нь ярьжээ.
Эмч нар тэднийг найм хоногийн дараа л иржээ. Севера, Луижи нарыг нэг хоногийн зөрүүтэйгээр эмнэлэгт хүргэсэн байна. Ингээд нэг хоногийн дараа тэд хагас цагийн зайтай нас баржээ.
Лука эцэг эхээ өөд болохынх нь өмнө харж чадаагүй, оршуулганд нь ч оролцож чадаагүй, эхнэр, хүүхдүүдтэйгээ гэрийн хорионд байжээ.
“Сайн уу, ээж, аав минь. Энэ вирус та хоёрыг минь нэг өдөр авч одлоо. Та хоёр маань дээр хэрэлдсээр байгаа юу гэдэг сонирхолтой байна. Тэгж л байгаа биз. Гэхдээ энэ хэрүүл та хоёрын тэврэлтээр дуусдаг шүү дээ. Та хоёр минь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ. Би та хоёртоо хайртай. Сайхан аялаарай” хэмээн Лука “Фэйсбүүк”-тээ бичжээ.
Түүх №3. Хил хязгаар үгүй хайр сэтгэл
Энэ зураг дээр байгаа хоёр бол Ван овогт эхнэр, нөхөр хоёр юм. Ван Шувэнь Ухань хотоос 800 км-ийн зайд орших Сюйжоу хэмээх хотод анагаахын их сургуулийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Коронавирусийн дэгдэлт эхлэх үед энэ эмнэлэгт тусгаарлах тасаг байгуулжээ. Тэр цагаас хойш Шувэнь бусад хамт олныхоо адил ажлын байраа бараг орхиогүй юм. Үүний нөхөр Ван Шэнькун цагдаа бөгөөд хотын хөл хорионы үеэр аюулгүй байдал, эмх журмыг сахин хангуулахаар ажиллаж байна.
Энэ зургийг Шувэний 11 дэх өдрийн тасралтгүй жижүүрлэлтийн дараа авсан юм. Шенькун өглөө эрт ажилдаа явахын өмнө эмнэлэг дээр ирж, эхнэрээ харж байгаа нь энэ гэнэ. “Би хайртай эхнэрээ 10 хоног хараагүй болохоор маш их санаж байна. Би зүгээр л түүнийгээ хараад тайвширч байна” хэмээн Ван ярьжээ.
Тэдний 17 настай хүү цагдаагийн академид суралцдаг бөгөөд өдгөө дарга нарынхаа зөвшөөрлөөр гадаа эцэгтэйгээ эрүүл хийж байна. Үүгээрээ тэд эцэг эхтэйгээ уулзах сайхан боломж гарч байна гэдэг аж.
Шэнькуны ажлын хүний дарсан энэ зургийг 20 мянга гаруй удаа шэйрлэж, хэдэн мянган лайк даржээ.
Эх сурвалж: snob.ru
Орчуулсан Э.МАРТ